УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.
-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн үнэн үү?
-Энэ оны 6 сард сошиал дээр нэг мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу шалгаж байгаа. Тодруулбал, намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын тогтоол гарсан. Өмнөговийн Гурвантэс, Сэлэнгийн Ноён-Уул, Булганы Тэшиг суман дахь Улсын тусгай хамгаалалттай газарт эзэмшиж байсан гурван лицензийг цуцалж өөр команиудад нөхөн олговор маягаар өөр газарт лиценз олгох тогтоол. Энэ тогтоолтой холбоотойгоор намайг өөрийн эзэмшлийн компанид лиценз авсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Тост тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компанийн нэг нь тэр хавьдаа лиценз авсан юм билээ. Авсан газар дээрээ хайгуул хийж үзээд тэндээ олборлолт хийх боломжгүй учраас өөр компанид шилжүүлсэн.
Тэр нь миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байгаа компани болж таарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоох байх. Харамсалтай нь тодорхой зорилго бүхий хүмүүс ард иргэдэд буруу зөрүү ойлголт төрүүлэхийн тулд хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
Лицензийн эрх шилжүүлж авсан компани нь мөн хайгуул хийгээд ашигт малтмал олдоогүй учир өнгөрсөн 5 сард буцааж өгөх саналаа гаргасны хүрээнд лиценз нь улсад буцаад оччихсон.
-Та бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах уу?
-Би ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй учир миний хувьд ямар ч асуудал байхгүй. Буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн.
-Ямар нэгэн улс төрийн зорилго байна гэж харж байна уу?
-Хэвлэлээр явуулаад байгаа нь зөвхөн Тост тосонбумбын нуруу, өөр нэг компани хоёрыг онцгойлж гаргаад байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгэхээр тодорхой нэгэн зорилго байна л гэж харж байна.