Техас мужид 28 настай Африк гаралтай эмэгтэй гэрийнхээ унтлагын өрөөний цонхоор шагайж байгаад цагдаагийн ажилтанд буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.
Ататиана Жеферсон гэгч өнгөт арьст эмэгтэй Форт Вортод найман настай дүүгийнхээ хамт амьдардаг байжээ. Тэдний гэрийн хаалга шөнө нээлттэй байснаас хөрш нь цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаагийн ажилтан байшинг шалгаж байхдаа цонхон дээр хэн нэгэн байгааг харж гараа өргөхийг шаардаж, дараа нь цонхны шил рүү бууджээ.
Бууны суманд оногдсон хүн хэн нэг гадны зочин бус, гэртээ байсан эмэгтэй байсан бөгөөд яаралтай түргэн тусламж дуудсан ч амиа алдсан байна. Эмэгтэйг буудаж хороосон цагдааг мөрдөн шалгах ажил эхэлжээ.
Гадаа ямар нэг чимээ гарахыг сонсож унтлагын өрөөнийхөө цонхоор шагайж, юу болоод байгааг шалгах үед Жеферсон дүүтэйгээ хамт видео тоглоом тоглож байжээ. Ээж нь хүндээр өвдсөн тул гэрээ харж үлдсэн бүсгүй бусдын гарт амиа алдах ямар ч шалтгаан байгаагүй тул хэрэг явдлыг үнэн бодитоор шүүхийг түүний гэр бүлийнхэн хүсч байна. Харамсалтайгаар эндүүрэгдэж буудуулсан бүсгүй их сургууль төгсөж, эм зүйн техник төхөөрөмж худалдах ажил хийдэг байжээ.
Уг хэрэг гарахаас ердөө хоёр долоо хоногийн өмнө Далласт гэртээ мөхөөлдөс идэж байсан өнгөт арьст эрэгтэйг буудаж хөнөөсөн цагдаагийн ажилтан хорих ял сонссон юм.
Эх сурвалж: www.bbc.com