Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй. Тэд хуульч мэргэжилтэй. Энэ жил 26 нас хүрсэн ихэр эгч дүүс юм. Бүсгүйчүүд мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг.
Нийгмийн идэвх сайтай тул өдгөө тус улсын СD&V намын гол арван хүний жагсаалтад орсон аж. Тэд Финлянд улсын Тэмпер хотод 2009 оны 09 сарын 17-нд болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд амжилттай оролцож Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж байв.
Мөн Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцрогдсон хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэргээр ажилд оролцож иржээ. Одоогоор Д.Золжаргал хотод зургаа, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ.
Ихэр охид хоёул хуулийн мастер хамгаалсан аж. Охидын хобби нь аялах. Д.Төгсжаргал энэ жилийнхээ амралтаар Монгол явж хөдөө нутгаар аялсан байна. Монгол залуус амьдарч буй газар орон бүртээ ийн чадвар мэдлэгээрээ цойлж эхэллээ.