Японы арлыг өнгөрсөн бямба гарагт Хагибис далайн шуурга дайран өнгөрснөөс багадаа 31 хүн амиа алдаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Зарим эх сурвалжууд 175 иргэн гэмтэж бэртэн, 230,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгджээ.
Хагибис далайн шуурганы улмаас нийслэл Токио хотын өмнөд нутагт хөрсний гулсалт үүссэн. Армийн 27,000 бие бүрэлдэхүүн, албаны болоод сайн дурын аврагчид хар салхины дараах нутаг дэвсгэрийг сэргээн засварлах, аврах ажиллагаанд оролцож байна.
NHK телевизийн мэдээлснээр 17 иргэн сураггүй алга болжээ. Нагано дүүрэгт оршин суугчид үерээс зугтаж байшингийн дээвэр дээр боогдсон байгааг нисдэг тэргээр аварч байна.
Ерөнхий сайд Шинзо Абэ шаардлагатай бол цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмж дайчлах ба Засгийн газар бүх боломж, нөөцөө дайчлан ажиллана гэжээ. Ням гарагт хар салхины хүч саарч, Япон улсын нутаг дэвсгэрийг орхисон байна.
Нийслэл Токио хотод 150,000 айл гэрэл цахилгаан, усгүй болжээ. Хагибис далайн шуурганы аюулаас урьдчилан сэргийлж цуцлаад байсан галт тэрэг, нисэх онгоцны үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлж байна.
Амралтын хоёр хоногт буюу 48 цагийн дотор Фужи уулын орчимд хуртунадасны хэмжээ метр гаруйд хүрчээ. Ард иргэд урьд өмнө ийм их хэмжээний бороо орж байсныг хараагүй хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com