Өвлийн улиралд хаалга нүргэлэн ирдэг утаа униараас холдож, цэвэр бохир усны асуудлыг шийдсэн дулаахан тохилог орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд олон. Иргэдийн хүсэл шаардлагыг биелүүлэхээр итгэл хүлээн ажиллаж байгаа эрх баригчид 2019 онд хэрхэн үүргээ гүйцэтгэх вэ?
Энэ оны эхний найман сарын байдлаар 450 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгон гаргажээ. Үүний 250 тэрбум төгрөгийг арилжааны банкууд дангаараа, 140 тэрбумыг ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлт эзэлж байгаа бол улсаас 60 тэрбум төгрөгийг зээлийн эх үүсвэр болгон олгожээ. Үүнээс харахад арилжааны банкууд бие даан ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдэх боломжтой гэнэ.
Гэтэл орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өмнө тулгардаг асуудал нь банкууд зөвхөн харилцагч компаниудынхаа барьсан барилгыг худалдаж авсан иргэнд зээл гаргана гэсэн хаалт тавих болж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад,
-Арилжааны банкууд өмнө нь Засгийн газраас үнэтэй бондууд худалдаж авдаг байсан. Энэ оноос эхлэн Засгийн газар бонд гаргахаа зогсоосон. Тиймээс арилжааны банкуудад чөлөөт үлдэгдэл их байгаа. Ипотекийн зээл бол хамгийн найдвартай зээлд тооцогддог. 2010 оноос хойш эргэн төлөлт нь 97 хувьтай байна. Тиймээс арилжааны банкууд ипотекийн зээлэнд цаашид хөрөнгө оруулна гэлээ.
“Иргэдийг цаашид ипотекийн зээлд илүү олноор нь хамруулахын тулд зээлийн урьдчилгаа 30 хувийг 25 хувь болтол бууруулахаар Олон улсын валютын сантай хэлэлцэж байгаа, одоогоор хариу ирүүлээгүй” гэж Х.Баделхан үргэлжлүүлэн ярьсан юм. Харин ойрын хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хүүг бууруулах боломжгүй гэлээ.