Богд хаан гэж хэн бэ? Энэ асуултад орчин үеийн залуус төдийлөн хариулж мэдэхгүй л болов уу. Мэдэх нэг "Монголын төр шашныг хослон баригч эзэн хаан", "1911 оны хувьсгалыг удирдагч..." төдийгөөр хариулна...
Нэгэн хэсэг "шар толгой феодал"-оороо хүртэл "цоллуулж" явсан Богд гэж тэгвэл хэн юм бэ, Монгол Улсын түүхэнд ямар гавъяатай хүн билээ... гэх мэт асуултад хариулт өгөхүйц Богд хааны намтар, түүхийн талаарх “Богд хаан 150:Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа манай улс зохион байгууллаа. Учир нь энэ онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” ерөнхийлөгчийн зарлиг гаргасан байдаг. Бид эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, зохиолчдын төлөөллөөс Богд гэгээний талаар товч мэдээлэл авснаа хүргэж байна.
-Манж чин гүрний эрхшээлд байсан Монгол 1911 онд тусгаар тогтносон төр улсаа, Эзэн Чингисийн үлдээсэн төр улсаа сэргээн босгож дэлхийн тавцан дээр МОНГОЛ гэдэг улс байна гэдгийг дахин тунхагласан. Энэ үйл явдлыг, энэ хувьсгалыг удирдан манлайлсан хүн бол Богд хаан мөн юм. Ийм учраас эзэн хааны сэнтийд заларсан. Тэгээд 1911-1920-оод онд орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, эдийн засаг, санхүү, хууль эрхзүй, цааз гээд бүх зүйл тавигдсан. Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг гэж гарсан. Энд Монгол Улсын засаг захиргаа ямар байх, хэдэн аймаг, хошуутай байх, Засгийн газар нь хэдэн яамтай байх, хэдэн түшмэл, хэдэн орон тоотой байх зэрэг бүх л үндсийг тавьсан. Цаашлаад ноёдын түүх шаштир, төрийн уламжлалаас холдсон байсныг сэргээж авахыг Богд хааны зарлигаар хийсэн. Тийм учраас Богд хаан бол Орчин үеийн Монгол Улсын үндэслэгч.
1990 оноос хойш монголын түүхэнд хамгийн сөрөг дүр бол шар толгой феодал, Богд гэдэг байлаа. Улмаар уран сайхны кино, дуу, шүлэгт Богдыг зөндөө саараар хэлж, ярьдаг байлаа. Гэтэл түүхийн баримт дээрээс харвал тусгаар тогтнол олгосон, үндэсний эрх чөлөө олгосон гавъяатан бол Богд байсан. Яагаад гэвэл бурханы шашинтай монголчуудад бурханы шашин хууль шиг үйлчилсэн. Богд гэдэг чинь өөрөө номтой, бодлоготой, алсын хараартай хүн юм байна. Ингээд шавь, сүсэгтэн олноо удирдаад 1911 онд Тусгаар тогтносон Монгол Улсыг сэргээн байгуулсан юм.
Харин цаашид Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь тавигдсан, 100 гаруй жилийн тэртээх түүхээс өнөөгийн монгол улсын төр сургамж аваасай. Яагаад гэвэл өнөөгийн бидний газар нутаг тэр үед л бий болсон. Орос, хятадын дундах буферзон гэдэг чинь яг 1911 онд бий болсон. Энэ үеийн түүхийг маш сайн судалж мэдэх шаардлага байна.
-Би 1990 хэдэн оноос Богд гэгээний талаар судалгаа хийсэн. Гэхдээ би анх удаагаа Богд гэгээний үйл ажиллагааг тэр үед хүчинтэй байсан олон улсын эрхзүйн үүднээс судалсан. Яагаад гэвэл энэ үед Монгол Улс бий болох хамтын шийдвэр гарсан. Энэ үед олон улсын эрхзүйн асуудал чухал байсан. Улс үндэстний бүрэн бүтэн байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдал, эзэн хааны хувьд ямар ач холбогдолтой байсан зэргийг мэдэх ёстой байсан. Энэ үед танайхан асуудалд маш нарийн хандсан. Тэгээд оросын дипломатч И.Я.Коростовецтэй хийсэн хэлэлцээнд маш сайн орсон. Харин И.Я.Коростовец үүнийг төсөөлөөгүй байсан. Монголтой хэлэлцээ хийхэд амархан гэж бодсон. Гэхдээ эсэргээр бодсон. Энэ хэлэлцээнд Богд гэгээний оруулсан нөлөө их байсан гэж баттай хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл баримт бичиг маш цөөн. Гэхдээ Богд гэгээн эцсийн эцэст жинхэнэ эзэн хаан байж чадсан. Эзэн хаан орост янз бүрийн хүсэлт, шаардлага тавьсан гэж бодож байна.../ХБНГУ-ын Монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Баркман/
"Богд хаан 150:Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Унгар, Польш зэрэг орны 33 эрдэмтэн, судлаач оролцлоо. Энэ үеэр Герман улсын монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Баркманд ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон хүртээжээ.