БНСУ-ын эрх баригчид гэр бүлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Шинээр санаачилсан хуулинд эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх бүртгэлтэй бол гадаад эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хориглосон байна.
Өмнөд Солонгосын 36 настай иргэн вьетнам эхнэрээ бага насны хүүхдийнхээ өмнө биеийн болон үгээр хүчирхийлэн доромжилж байсан хэрэг өнгөрсөн долдугаар сард ил тод болж олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэл газар аваад байсан юм. Үүний дараагаас эрх баригчид шинэ хуулийн төсөл санаачилж гэр бүлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Жилд дунджаар 6,000 вьетнам эмэгтэй Өмнөд Солонгост гэр бүл бүртгүүлдэг гэсэн тоо байна. Хэрэв хууль батлагдвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бүртгэлтэй солонгос эрчүүд гадаад эмэгтэйчүүдийг урьж, гэр бүл болох эрхгүй юм. Шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан хууль ирэх жилийн 10 дугаар сард хэрэгжиж эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com