Саудын Арабын Жедда боомтын хотоос 60 миль буюу 97 км-т явж байсан Ираны газрын тос тээвэрлэгч онгоц руу хоёр ч удаа пуужин харваж халдсан байна. Халдлагад өртсөн газрын тос тээвэрлэгч хөлөг Ираны төрийн мэдлийн газрын тосны компаний эзэмшил юм.
Усан онгоцны гол хоёр нөөцлүүр халдлагын үеэр гэмтсэнээс Улаан тэнгист газрын тос асгарчээ. Халдлагын үеэр хүмүүс гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Иран улсын эрх баригчид ослын шалтгааныг тодруулахаар шалгаж байна гэжээ.
Олон улсын эх сурвалжууд тээвэрлэгч хөлгийг пуужингаар харвасан тухай мэдээлсэн боловч Ираны эх сурвалжууд уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Мөн халдлагад өртсөн усан онгоцыг Синопа газрын тос тээвэрлэгч хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Саудын Арабын газрын тос тээвэрлэгч онгоцууд болоод үйлдвэрүүд удаа дараалан халдлагад өртсөн юм. Эдгээр халдлагуудад Саудын Араб, АНУ-ын эрх баригчид Иран улсыг буруутгасан. Хэдийгээр Иран улс эрс үгүйсгэсэн боловч бүс нутгийн зөрчил мөргөлдөөн хурцдаад байсан юм.
Ираны газрын тос тээвэрлэгч онгоц халдлагад өртсөн мэдээ гарсны дараа дэлхийн газрын тосны үнэ нэмэгджээ. Брент түүхий нефтийн үнэ өнөөдөр хоёр хувиар өсч 60 ам.долларт хүрсэн бол WTI түүхий нефт 54 ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com