Энэ сарын тавны өдөр Баянзүрх дүүргийн X хороонд гурван настай хүүхэд есөн давхрын цонхоор унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварсан бичлэгийг TREND LIVE онцолж байна
Хүүг аварч байгаа бичлэг сошиалд тавигдсаны дараа иргэд хүүг аварсан цагдаад талархаж илэрхийлж, шударга журмын шагнал өгөх хэрэгтэй хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр хэлэхдээ “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд цонхны тагтнаас дүүжлэгдэж байсан. Тагтны хашлага давж хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй. Хүүхэд хоёр гараараа дүүжлэгдэж байсан. Жаахан л удсан бол унах байсан” гэв.
Эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ цонхоо хаахгүй орхисноос болж хүүхэд унах тохиолдол цөөнгүй гарч байна. Он гарсаас хойш зургаан настай хүүхэд гурав давхраас унаж амиа алдсан. Мөн тавдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ аюулгүй байдлыг сайн хангаж байхыг анхааруулж байна.