“Амрах цаг хугацааг эрэх хайхаа больсон нь XXI зууны хамгийн том өвчин” хэмээн Харвардад 25 жил багшилсан Израилийн сэтгэл зүйч Тал Бен-Шахар үзэж байна. Тал Бен-Шахар 1970 онд Израильд мэндэлсэн. Харвардын их сургуулийн Сэтгэл зүй, Философийн доктор, тэнд 25 жил багшилсан, аз жаргалыг олон жил судалж байгаа. Тэрээр “Байнгын аз жаргал гэж байдаггүй” хэмээн аз жаргал гээч зүйлд онош тавьсан билээ. Түүний аз жаргалын тухай ярианаас товч хүргэе.
-Аз жаргалын түвшин тархинд яаж хэмжигдэж байдаг вэ?
-Аз жаргал, бухимдал, эсвэл уур хилэнтэй холбоотой тархины хээ, үрчлээс байдаг. Зөвхөн нэг биш, олон хээ нь хамтдаа ажилладаг. Жишээ нь, урд тархины зүүн хэсэг нь эерэг, баруун хэсэг нь сөрөг сэтгэгдэлтэй холбоотой. Бид зан аашаараа сайн сайхан амьдралын түвшинг дээшлүүлж чадна гэдгийг ойлгохын тулд энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Аз жаргалын тухай, аз жаргалын сэдэвтэй хэдэн зуун ном байдаг. Өнөөдөр бид аз жаргалтай байхын төлөө илүү их цаг зарцуулаад байна уу?
-Үгүй ээ, аль эртнээс ингэж ирсэн. 2500 жилийн өмнө Аристотель энэ тухай бичиж байлаа. Библид мөн аз жаргалын сэдэв байдаг. Аз жаргал нь үргэлж бидний бодол сэтгэлийн нэг хэсэг байсаар ирсэн. Ялгаа нь гэвэл, бид өнөөдөр илүү их чөлөөт цагтай болж, үүн дээр бодит бус амьдралын хүсэл тэмүүлэл нэмэгджээ. Аз жаргал гэж юу вэ гэдгийг бид ойлгоогүйн улмаас бид аз жаргалыг мэдэрч чадахгүй байна.
-Аз жаргал гэж юу юм бэ?
-Үргэлж аз жаргалтай байх боломжгүй. Уур хилэн, айдас, түгшүүр зэрэг сөрөг сэтгэгдлүүд бидэнд дутагдаж байна. Зөвхөн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнд ийм зүйл байдаггүй. Сэтгэл зүйн боловсрол дутагдалтай байгаагийн улмаас бид эдгээрийг мэдрэхдээ шууд няцаадаг. Энэ үед эдгээр сөрөг сэтгэгдлүүд эрчимжиж бид сандралд ордог. Сөрөг сэтгэгдлийг хааж, няцаавал эерэг сэтгэгдлийг ч бас няцаана гэсэн үг. Айдсыг мэдэрч, бид энэ айдастай урагшилна гэдгээ мэдэрч ойлгох хэрэгтэй.
Айдаст бууж өгч байгаа юм биш, харин идэвхтэйгээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Миний хүү Давид мэндлээд сар болоход л би түүнийг хардаж эхэлсэн. Эхнэр минь хүүд надаас илүү анхаарал хандуулах болсон. Заримдаа сэтгэл хөдлөл туйлширч эцэстээ хүрдэг болохоор бид сайн ч биш, муу ч биш хүмүүс болчихдог.
Цаг үргэлж аз жаргалтай байх хүсэл, шанал хүмүүсийг аз жаргалгүй болгож байдаг. Сүүлийн үед сошиал сүлжээнүүд маш их нөлөө үзүүлсэн. Ихэд жаргалтай инээмсэглэж буй нүүр царайнууд, яг таарч тохирсон мэт хосуудын харилцаа, үлгэр жишээ болмоор ажил гээд. Бид гуниг харуусал мэдэрч, аз жаргалтай амьдрахад ямар нэг зүйлийг муу, дутуу хийгээд байна даа гэсэн бодлыг эдгээр дүр зураг улам өдөөж байдаг. Гэвч энэ бодол нь ерөөсөө бодит биш. Бид бүгдээрээ сэтгэл хөдлөлийн галзуу хулгана дээр амьдарч байгаа. Зайлшгүй, гэхдээ муу зүйл биш.
-Аз жаргалын тухай ойлголтыг сургуульд заах ёстой юу?
-Тийм. Эрүүл харилцааг хэрхэн бий болгох, хийж буй зүйлийнхээ зорилго хүслийг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн чухал нь амрах цаг гаргах. Бид бухимдлаасаа сэргэж чадахгүй байгаа нь хамгийн том асуудал гэдгийг судалгаа харуулсан. Бестселлер ном уншсанаар бухимдлаас ангижрахгүй, бодит үйлдэл хэрэгтэй.
Ажил дээрээ хоёр цаг тутамд 30 минут амарч тайван амьсгалах хэрэгтэй. Өөртөө нэг өдрийн чөлөө өг. Аз жаргал бол тэгээс нэг хүртэлх хоёртын тооллын систем биш, харин өгсч уруудах зам. Чамайг нас барахад л дуусах тааварлашгүй аялал.