Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй” гэх шийдвэрийг гаргажээ.
Хэргийг сануулбал, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос олон улсад хориотой допингийн төрлийн дөрвөн бодис илэрсэн учраас түүнд олгосон цол чимгийг хураах саналыг Баяр наадмын комиссын үндэсний бөхийн салбар хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өнгөрөгч наймдугаар сард хүргүүлсэн.
Улсын аварга Э.Оюунболд уг шийдвэрийг эсэргүүцэж, “Намайг допинг хэрэглэсэн эсэх дүгнэлт эцэслэн гараагүй байхад Үндэсний бөхийн салбар хорооноос ийм шийдвэр гаргасан нь хууль бус. Иймд бүх зүйл шалгагдаж дуусах хүртэл салбар хорооны шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлж өгнө үү” гэх гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд 2019 оны наймдугаар сарын 30-нд гаргаад байсан билээ.