ОХУ-ын “Горы Байкала” клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсны амьдрал, спортын замналыг фото зургаар өгүүлсэн “Боломж-үргэлж байдаг...” нэртэй үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 5-нд болсон билээ. Энэ үеэр МУҮХ-ын Ерөнхийлөгч Б.Тулга, дарга Б.Золжаргал, УЗ-ийн гишүүн доктор А.Батсүх нар түүний төрсөн ах Эрхүүгийн альпинист, хошой аварга Евгений Глазунов, мөн Светлана Пянковская нарыг хүлээн авч уулзжээ.
Евгений Глазунов төрсөн дүүгийнхээ амьдрал, спортын замнал уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй лекц уншиж энэ спортоор хичээллэдэг залууст Эрхүүд очиж хувийн бэлтгэлээ үнэ төлбөргүй базаах боломж олгосон байна.” Монгол хайкинг” клубын тэргүүн доктор Л.Баярсайхан Евгений Глазунов нар Зайсан дахь болоод Тэрэлж дэхь спорт авиралтын бэлтгэлийн ханыг үзэж сонирхон, хамтарсан бэлтгэл хийжээ. ОХУ-ын альпинизмын хошой аварга “Тэрэлжийн хад авиралтын бүх төрөлд альпинизмын жинхэнэ "диваажин" юм байна. Авиралтын зам, маршрутын олон сонголт байна. Оросын авирагчид, альпинистууд цувдаг ганц газар "Красноярские столбы"-г танай Тэрэлжийн хадтай зүйрлэх ч аргагүй. Үүний дэргэд "Красноярские столбы" жижигхэн юм байна” хэмээн өгүүлжээ. Евгений Глазунов монголын анхны Seven summiter, К2 оргилд авиралт хийсэн МУГТ Б.Гангаамааг Эрхүү хотод 12 дугаар сард нээлтээ хийх мөсөнд авиралтын фестивальд хүрэлцэн ирэхийг урьжээ. Уламжлал ёсоор Евгений Глазуновын найм хоногийн альпинизмын бэлтгэл сургуулилалт манай спорт альпинизм сонирхогчдын дунд маргааш эхлэх нь. Энэ жил ОХУ-ын олон хотоос цол зэрэгтэй тамирчид ирж өмнө нь авиралт хийж байгаагүй Зүүн Саяны нурууны сүрлэг оргилд 1Б-ээс эхлэн 5А/Б хүртэл ангиллын шинэ замаар анх удаа авирах аж.