Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2015 онд Австри Улсад 650 мянган ам.доллараар байр худалдан авсан хэмээн АТГ-аас буруутгаж яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн гэх мэдээлэл тархсан.
Бид Н.Золжаргалтай утсаар холбогдож, дээрх асуудлыг тодруулахад “Намайг Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш шалгаж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 100 гаруй удаа мэдүүлэг, тайлбарыг надаас авсан. Хууль хяналтын байгууллагаас дуудах бүрт би очиж шаардлагатай мэдээлэл, мэдүүлгийг өгсөөр ирсэн. Миний гэр бүл 2015 онд Австри Улсад байр худалдан авсан нь үнэн. Гэхдээ тэрхүү байрыг худалдан авах мөнгийг би 2012 оноос өмнө, өөрөөр хэлбэл дарга болохоосоо өмнө бий болгочихсон байсан. Миний байртай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгах нь ч зөв. Шалгаад үнэн худлыг нь тогтоогоод гаргаад ирэх байх” гэв.
Шүүх хурлын тов хэзээ гарсан, хэчнээн метр квадрат байрыг худалдан авсныг асуухад “Прокуророос миний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгээ хэлж байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Харин шүүхийн тов гараагүй байгаа. Австри Улсад авсан байр 110 гаруй мкв хэмжээтэй байсан” гэлээ.