Польшийн хууль хяналтын газраас "Монголын 69 дипломат ажилтан хууль бусаар тамхи зөөсөн тул шалгах шаардлагатай байна" гэсэн албан бичгийг манай талд ирүүлснийг АБГББХ-ны дарга Т.Аюурсайхан дэлгэсэн. Мөн тэдгээр хүмүүсийн зарим нь одоо ч төрийн албанд ажиллаж байгааг ч мэдээлсэн. Улмаар тамхи зөөсөн ёсзүйгүй хүмүүсийг эргүүлж албан тушаалд нь томилсон ГХ-ны сайд Д.Цогтбаатарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан илэрхийлсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор бид ГХ-ны сайд Д.Цогтбаатараас тодруулга авлаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Элчин сайдуудыг энэ сард оруулж ирэх үүргийг УИХ-ын дарга өглөө шүү дээ. Тиймээс элчин сайдгүй байгаа Москва, Сөүлийг яаралтай оруулна. Дандаа мэргэжлийн хүмүүсээ явуулах юмсан гэж боддог" гэлээ.
-Польшид эрэн сурвалжлагдаж байгаа дипломатуудыг яах вэ?
-Наад асуудал чинь бүр 2009 оных. Тиймээс би цагдаад өгчихсөн. Польшийн цагдаа дээр хэрэг үүсчихээд байсан. Манайд мөрдөн байцаах албаар дамжиж орж ирсэн. 2008 оны 69 жагсаалт. 2009 онд дахиад 69 орж ирсэн.
-Та заримыг нь эргүүлж өөрөө томилсон байна?
-Яг баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан. Таван жилийн дараа буцаагаад томилсон байхад нь би дахиад хөөгөөд явуулсан. Энэ 69 дотор чинь Европ руу яваагүй хүмүүс ч байгаа. Үүнийг цагдаа тогтоох ёстой. 2009 оноос хойш ийм бичиг ирээгүй байгаа шалтгааныг та нар тодруулаад үзэээрэй. Арга хэмжээ авсан учраас ийм муухай үйлдэл хийхээ больсон.
Би 2012 онд энэ хулгайч нартай тэмцээд өөрөө өчнөөн дайруулсан. Тэгээд ардаа тамхигүй яам үлдээсэн. Энэ 69 дотор чинь ихэнх нь ГХЯ-ны биш хүмүүс. Дандаа өндөр дээд албан тушаалтай байсан хүмүүс. Танхимаас, цагаатгах албанаас гэх мэт...