МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийг зарлаж, өнгөрсөн долоо хоногт иргэдийн бүртгэлийг авсан билээ. Энэ талаараа тус намаас мэдээлэл хийлээ.
МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Хөтөлбөрийнхөө хүрээнд эхний 10 мянган айлыг бүртгэсэн. Үнэгүй орон сууцыг хэзээ ч бүтэхгүй, мөрөөдөл мэтээр нийгэмд ярьж байна. Тиймээс бид тайлбар өгч байна. Энэ бол боломжтой. Энэ арга хэмжээний үндсэн зарчим нь хоёр төрлөөр хэрэгжинэ. Түрээсийн болоод өмчлөх хэлбэрээр. Өнөөдрийн түрээс мкв нь 5500 буюу 50м2 байр түрээсэлж байгаа айл сард 275 мянган төгрөг төлж байгаа. Тэгвэл бид мкв-ийг нь 3920 төгрөг буюу сард 196 мянгаар 40 жил түрээслэх боломжтой гэж үзсэн.
Мөн энэ орон сууцаа үр хүүхдүүддээ өвлүүлж өгөх боломжийг олгоно. Түрээсэлж байгаад өмчилж болно. Одоо бол байраа өмчилж авахын тулд 30 хувийн урьдчилгаа төлдөг. 100 сая төгрөгийн байрыг 20 жилийн хугацааны зээлээр авахад 200 сая болгож төлдөг. Тэгвэл МАХН-аас зарласан хөтөлбөрт байрны урьдчилгаа төлөхгүй, сар бүр хүү төлөхгүйгээр сар бүр төлөлтөө хийгээд явах боломжтой гэж гаргаж ирсэн. Дээр нь жил бүр хасах хүү тооцно. Энэ шоу биш, боломжтой зүйл.
Өмчлөх боломжгүй бол түрээс рүү шилжиж мөн болно.
Одоогийн 8 хувийн зээлтэй иргэдийн үлдсэн төлбөрөөс хүү тооцохгүй, үндсэн төлбөрийг л тооцож авна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдэнэ, аж ахуйн нэгжүүд чадавхижина, айдас хүйдэс арилна. Гэр хороолол багасна гээд маш олон давуу тал бий болно. Энэ хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Маргааш дахин иргэдийг бүртгэнэ.
Б.Батболд МАХН-ын СБД-ийн мянгатын дарга:
-Коксжсон нүүрс чинь төмөр хайлуулдаг нүүрс шүү дээ. Гэтэл энэ нүүрсээр шахмал хийгээд байхаар пийшин, зуух дэлбэрэх нь тодорхой. Энэ нүүрсийг хүчээр шахаж болохгүй. Үүнийхээ төлөө төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Утаагүй түлшний оронд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Зах зээл дээр борлогдоогүй байгаа 50 мянган орон сууц байна шүү дээ.