Нобелийн 2019 оны шагналтнууд энэ долоо хоногт нэрлэгдэж байна. Даваа гарагаас эхлэн анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг тодруулсан бол өнөөдөр Стогхольмын цагаар 11 цагт Норвегийн шагналын хороо энх тайвны шагналтныг нэрлэх гэж байна.
Шведийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Грета Тунберг охин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалт дээр дэлхийн удирдагчдыг зэмлэж олны анхаарлыг татсан билээ. Тэрээр энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшсэн бөгөөд хэрэв ялбал 100 дахь удаагийн энх тайвны Нобелийн шагналыг хүртсэн дэлхийн хамгийн залуу хатагтай болох юм.
2014 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Пакистаны охидын эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзай 17 настайдаа Нобелийн шагнал хүртэж байсан бол Грета түүнээс нэг насаар дүү учир хамгийн залуу Нобелийн шагналтан болох ажээ. Энэ жилийн энх тайвны шагналд 223 хүн, 78 байгууллага нэр дэвшин өрсөлдөж байна.
Лондонд төвтэй цахим хуудасны мэдээлснээр Гретатай хамт Этиоп улсын Ерөнхий сайд Аби Ахмед, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн, Бразилийн уугуул оршин суугчдын удирдагч хүрээлэн буй орчин Амазоныг хамгаалах хөдөлгөөний тэргүүлэгч Раони Метуктир зэрэг нөлөө бүхий эрхмүүд нэр дэвшжээ. Зарим ажиглагчид эдгээр нэр дэвшигчдээс Грета Тунберг Нобелийн шагнал хүртэх магадлал хамаагүй өндөр буюу 96 хувьтай байгаа гэж таамаглаж байна.
Өнгөрсөн жилийн Нобелийн энх тайвны шагналыг бэлгийн хүчирхийлэл, зэвсэгт хямралын эсрэг хүчин чармайлт гаргасан Исламын улс бүлэгт бэлгийн боолчлолд өртөж байсан Надиа Мурад болон Конго улсын эмч Денис Муквеге нар хүртэж байсан билээ. Дашрамд мэдээлэхэд Грета охин энэ жил орчин үеийн Нобелийн шагнал гэгддэг Right Livelihood Award буюу Зөв амьдралын шагнал хүртсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com