Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Сайжруулсан түлш” гэгчид угаартсан байж болзошгүйгээр зургаан хүн нас барж, 35 хүн ухаан алдсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдээд байгаа. Мөн угаартсан гэх шинж тэмдэгтэйгээр олон арван хүүхэд, хөгшид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа гэх мэдээлэл байна.
Монголчууд сайжруулсан түлштэй холбоотой асуудал олон нийтэд цацагдаж эхэлсэн цагаас “Сайжруулсан түлш” болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарыг л зүхэж буруутгах болсон. Харин хэн ч уг түлшийг үйлдвэрлэгч жинхэнэ эзнийг олж илчлэхийг хүсээгүй. Мөн монголын нийт хүн амын 60 орчим хувь нь суурьшин амьдардаг нийслэл Улаанбаатар хотод монопол эрхтэйгээр сайжруулсан түлш нийлүүлж, өм цөм ашиг олж байгаа цаад эзнийг нь огт ярихгүйгээр, дурсахгүйгээр өнөөдрийг хүрсэн нь анхаарал татдаг.
Иймээс бид “Тавантолгой түлш” ХХК-ийн жинхэнэ эзэн нь хэн болохыг хайж үзэхэд Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Дашдоржийн Зоригт байж таарав.
Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас “Тавантолгой түлш” ХХК-г хайж үзэхэд тус компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэмээн бүртгэгдсэн байв. Харин “Эрдэнэс Монгол” ХХК нь Дашдоржийн Зоригт гэх ганцхан хүний өмч хэмээн бүртгэгдсэн байгааг та доорх баримтаас харна уу.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Тавантолгой түлш” ХХК нь хоёулаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Моннис цамхагийн 15 дугаар давхар гэх нэг ижил хаяг дээр бүртгэгдсэн байгаагаас үзвэл тус тусдаа компани гэж үзэх ямар ч боломж байхгүй байна.
Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар руу нүүрс оруулахыг хориглох шийдвэрийг гаргасан мөртлөө нүүрсийг орлуулах сайжруулсан түлш үйлдвэрлэх монопол эрхийг яагаад ганцхан Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтод өгсөн юм бол?
Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй 216,000 гэр хорооллын айл өрх байгаа. Нэг өрх хоногт нэг уут сайжруулсан түлш түлдэг гэж бодвол Д.Зоригтын “Тавантолгой түлш” ХХК нэг хоногт (3750x216,000) 810,000,000 (найман зуун арван сая) төгрөгийн борлуулалтын орлоготой ажилладаг байж таарах нь.
Сайжруулсан түлшийг зарж буй албан ёсны цэг дээр бичигдсэн албан ёсны үнийн мэдээлэл
Д.Зоригтын “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшний гол түүхий эд, орц найрлага болох нүүрсээ “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас эрчим хүчний нүүрсийг нэн хөнгөлттэй үнээр авдгийн зэрэгцээ зөвхөн “Энержи ресурс” ХХК-аас л гэхэд 800,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй авсан баримт нь ил болсон.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Д.Зоригтын “Тавантолгой түлш” ХХК-г өндөр ашигтай ажиллуулахын тулд “Энержи ресурс” ХХК руу 800,000 тонн нүүрс үнэгүй өг гэдэг шахалт үзүүлсэн албан бичиг илгээж байсан нь ч ил болоод байгаа юм.
Монгол Улсад ашиггүй ч гадаадынханд асар өндөр унацтай Оюутолгойн гэрээнд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нь Улаанбаатарын шахмал түлшний хэрэгцээг дангаар хангах монопол эрхэндээ ханаж цадаагүйгээр барахгүй Гадаад харилцааны яамны ТНБД болохоор зүтгэж буй гэх мэдээлэл байна.