АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж дипломат хэлэлцээр хийсний дараа Сирийн хойд нутгаас цэргээ татахаар болсныг лхагва гарагт мэдэгдсэн. Үүний дараа Туркийн цэргийн хүчин Сиритэй хиллэдэг бүс нутагт курдуудын эзэмшил газарт дайралт хийлээ.
Туркийн цэргийн дайралт эхэлснээс хойш 24 цагийн дотор 64,000 иргэн дүрвэсэн байна. Цэргийн ажиллагаа цаашид зогсолтгүй үргэлжилбэл 450,000 иргэн орон гэрээсээ дүрвэж зугтана гэж үзэж байгаа юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг дэлхийн зарим удирдагч туркийн Засгийн газарт хандан цэргийн дайралтаа зогсоохыг уриалж байна.
АНУ Туркийн цэргийн ажиллагаанд хориг тавихад нөлөө үзүүлж чадах хамгийн чухал улс орон гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байна. Гэвч одоогоор Трамп Туркийн цэргийн ажиллагааг эсэргүүцсэн ямар нэг үйлдэл хийгээгүй ч АНУ Сири дэх үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэжээ.
Турк болон Сири дэх курдуудын хооронд АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байгаа юм.
Туркийн цэргүүд Сирийн хойд нутгийн Рас аль Айн, Тал Абьяад тосгонуудад цэргийн ажиллагаа явуулсан байна. Курдын цэрэг армиас бүс нутгийг чөлөөлж аюулгүй бүс байгуулахаар ажиллагаа явуулж байна хэмээн Турк улс байр сууриа хамгаалжээ. Гэвч олон улсын удирдагчид Туркэд цэргийн ажиллагаа явуулах боломж олгосноор Исламын улс зэвсэгт бүлгийг дахин сэргэх боломж олгож магадгүй хэмээн сэрэмжилж байна.
Анадолу мэдээллийн агентлагийн дамжуулснаар цэргийн дайралт довтолгооноор 228 курдын зэвсэгт цэргийг устгасан гэв.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com