Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн сурах бичгийг эцэг, эхчүүд худалдаж авахгүй аж. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь сурах бичгээ гар дээрээ авсан байгаа. Тэгвэл үлдсэн сурагчдын сурах бичгийг энэ жилээс номын дэлгүүрээс худалдан авахгүйгээр сургуулийнхаа номын сангаар дамжуулан багц номыг 15-21 мянган төгрөгөөр ашиглуулахаар болсон.
Улсын төсөвт сурагчдын ном хэвлэх мөнгө байхгүй байсан тул Азийн хөгжлийн банканд хандан найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэвлүүлэхээр болсон билээ. Гэвч Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авах гэрээ хэлэлцээрээс болоод сурах бичгийн хэвлэлт удааширсан хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир дурдав.
Тэрбээр “Азийн хөгжлийн банк руу наймдугаар сарын 5-наас хэвлэх зөвшөөрөл хүссэн материалуудаа явуулсан. Ингээд 6, 7 дугаар ангийн сурах бичиг хэвлэх эхний ээлжийн зөвшөөрөл есдүгээр сарын 18-нд ирж, тухайн сарынхаа 25-н гэхэд долоон компани хэвлэж эхлээд одоо эхний ээлжийн номуудыг түгээж эхэлсэн.
Ахлах ангийн багц номуудыг энэ сарын 2-ноос хэвлэж эхэлсэн бол, 8, 9 дүгээр ангийн сурах бичиг хэвлэх зөвшөөрөл энэ сарын 4-нд ирж, энэ баасан гарагт хэвлэлийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулахаар болсон.
Урьд жилүүдэд тендерийн асуудал гардаг байсан бол энэ жил дотоод, гадаадын байгууллага хянасан тул тендерт будлиан гараагүй. Хэвлэлтийн санхүүжилт, процессыг Азийн хөгжлийн банк хянаж, хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн тул сурагчдын сурах бичиг хэвлэх асуудал оройтсон тал бий” хэмээв.
БСШУСЯ-наас эхний ээлжид хэвлэлтээс гарсан номуудыг хурдан шуурхай түгээх ажлыг эрчимтэй хийж, энэ сардаа багтаа 6, 7 анги болон ахлах ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэж дуусган номын сангуудад олгох гэнэ. Харин 8, 9 дүгээр ангийн сурах бичгийн хэвлэлт оройтсон тул ирэх сарын дунд гэхэд хэвлэж дуусган түгээх юм байна.
Өнөөдрийн байдлаар нийт 459,243 сурагчийн сурах бичиг сурагчдын гар дээр очсон бөгөөд 180 мянга орчим сурагч төлбөртэй сурах бичгийг энэ жил ашиглах ажээ.
Дунд ахлах ангийн сурагчид 12-16 нэр төрлийн ном ашигладаг бөгөөд нэг багц номыг эхний жил 21 мянган төгрөгөөр ашиглах бол дараа жил нь дээрх мөнгөн дүн багасах юм. Уг ашиглалтын мөнгийг дараа дараагийн жилийн номын нөхөн хангалтын хэвлэлтэд ашиглах ажээ.