Иргэн З.Жавцанпагмын биеийг Амгалан амаржих эмнэлгийн эмч нар буруу оношлон хагалгаа хийхдээ бие дотор нь марль үлдээжээ. Үүний улмаас дотор эрхтнүүдэд нь өвчлөл үүсэж ургаа хүртэл авахуулсан тухайгаа хэлж донор нэхэмжлэн, эрүүл мэндээ дахин олж авахыг хүсэж буй тухайгаа мэдээллэв.
З.Жавцанпагм 2018 онд жирэмсний гурван сартай байхдаа Амгалан амаржих газарт хяналтанд орсон байна. Ингээд бие нь муудан Амгалан амаржих газарт оношлуулахад уйланхайтай хэмээн оношлон бүтэн хоёр сар гаран явуулсан.
Ингээд жирэмсний таван сартай үед нь хагалгаа хийж, үүний дараа 22 хоног маш их өвдөлт мэдрэгдэж, өвчин намдаах эм хэрэглэсэн тул зургаан сартай хүүхдийг нь эмч нар эм өгөн өөрөөр нь төрүүлсэн байна. Ингээд Амгалан амаржих газрын Даваацэцэг, Ганболд эмч нар 2018 оны долдугаар сарын 8-нд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үүдэнд аваачин орхисон байна.
З.Жавцанпагм “Амгалан амаржих газрын эмч нар намайг оношилж чадахгүй учраас Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үүдэн дээр зүгээр хаяад орхисон. Ингээд 2018 оны долоо дугаар сарын 9-нд тодорхой оношгүйгээр түгжирсэн байна гэсэн шалтгаанаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хагалгаанд орсон. Үүний дараа II эмнэлгийн эмч нар “чиний бөөрийг чинь уйланхай байна гэж андуурч хагалгаа хийсэн байна. Ингэхдээ биед чинь маарал үлдээж, үүнээс болоод дотор эрхтнүүд чинь хоорондоо наалдаж идээлэн, нарийн бүдүүн гэдэс чинь задарсан байна” гэсэн. Би II эмнэлэгт арав хоног хэвтэж бөөрөндөө гуурс тавиулсан. 2019 оны нэгдүгээр сард нэг бөөрөө авуулахад хүрсэн.
Хэрвээ Амгалан амаржих эмнэлгийн эмч нар зөв оношилсон бол өнөөдөр би есөн сартай охинтой, эрүүл саруул бөөртэй байх байсан. Эмч нар надтай дахиж холбоо бариагүй. Уучлал гуйсан ч удаагүй” гэсэн юм.
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч хуурай ах Т.Хонгор “Дүүгийн минь амьдрал оронгоороо эргэсэн. Амгалан амаржих газрын эмч нар дүүд маань арван таван сая төгрөг санал болгосон ч аваагүй. Дүүгийнхээ эрүүл мэндийг ахин олж авахыг хүсэж байна. Амгалан амаржих газрын эмч нарын буруу онош, хагалгаанаас болж 26 настай дүү минь группд орох хэмжээний хохирол амссан. Бид донор нэхэмжилж байна” гэлээ.
Тэд шүүхийн шийдвэр гараагүй байгааг дурдаад эл хэргийн тухай Эрүүл мэндийн яам болон Амгалан амаржих газарт албан тоот хүргүүлнэ гэсэн юм.