Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт асч буй ой хээрийн түймэрт 30 орчим байшин барилга шатаж сүйдээд байна. Мөн тус мужтай зэргэлдээ орших Күйнслэнд мужид агаарын температур цельсийн +40 хэмд хүрч түймэр газар авчээ.
Эрх баригчид нэг эрэгтэй түлэгдэж хүндээр гэмтсэн тухай мэдээлжээ. Цаг уур судлаачид лхагва, пүрэв гарагуудад агаарын температур буурч түймрийг цурманд оруулна хэмээн найдаж байна. Австрали улсад есдүгээр сараас хойш хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн ган гачиг газар авснаар ойн түймэр хүрээгээ тэлжээ.
Ой хээрийн түймрийн улмаас одоогоор 100,000 га газар шатаад байгаа юм. Зарим нутагт түймэр таван долоо хоногийн турш асчээ.
Дэлхийн дулаарлаас улбаалж Австрали улсад хамгийн халуун зун бүртгэгдэж, ган гачиг газар авч байгаа нь ой хээрийн түймрийг өдөөж байна.
Эх сурвалж: www.bbc.com