Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №3 John Lennon, ‘Imagine’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №3 John Lennon, ‘Imagine’

 

Манай сайтын зүгээс өглөө бүр танд хүрдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цувралын №3-т эрэмбэлэгдэж буй Жон Ленноны алдарт "Imagine" дууг онцлон толилуулж байна. 

Хэрэв өнөөдөр тэр агуу хүн амьд сэрүүн байсан бол 79 нас хүрэх байжээ. Тэрээр зөвхөн дуу, хөгжмийн салбарт домог байгаагүй юм. Амьд ахуй цагтаа кино урлаг, дэлхийн энхтайван гээд олон салбарт манлайлагч нь байж чадсан юм. 

"Imagine" буюу "Төсөөл дөө..."

Жон Ленноны олон сайхан алдартай дуунууд байдаг ч зөвхөн нэг дууг нэрлэ гэвэл бүгд дуу нэгтэй "Imagine" дууг нэрлэх байсан биз. Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан М.Саруул-Эрдэнийн уг дууны шүлгийн агуулга, орчуулга бүхий нийтлэлийг хүргэж байна. 

1971 онд гарсан энэ дуу бол Жон Леннон хүсэн мөрөөдөж буй төгс төгөлдөр ертөнцөө ямархан байж болохыг “төсөөлөн” дуулсан өгүүлэмжтэй юм. Үгийг нь зохиохдоо гэргий Йоко Оно-гийнхоо “Бэрсүүт жүрж” хэмээх яруу найргаас санаа, хэлбэрийг нь авсан гэнэ. Тэр шүлгэнд “Imagine the sky crying…” – “Тэнгэрийг уйлж байна хэмээн төсөөл дөө”, “Imagine you’re a cloud…” – “Өөрийгөө үүл хэмээн төсөөл дөө” гэх мэт зааварчилсан мөрүүд байдаг ажээ.

Дууны үг
Гурван бадаг, нэг дахилт бүхий энэхүү дууны үг нь англи хэл эхлэн суралцагчийн хувьд уншаад ойлгоход төвөгтэй биш, маш энгийн үг, хэлзүйгээр бичсэн, богинохон мөрүүд бүхий шүлэг юм.

Imagine there"s no heaven,
It"s easy if you try,

Жон Леннон төгс төгөлдөр ертөнцөө та бидний амьдрал дахь хамгийн үнэ цэнэ бүхий зарим нэг зүйлгүйгээр төсөөлж байна. Юуны өмнө та биднээс “Диваажин байхгүй гэж төсөөл дөө, хичээвэл амархан шүү” хэмээн хүсэх аж. “Диваажин байхгүй” гэдэг нь мэдээж “Ертөнцийн эзэн, Бурхан, Хойт нас” гэж байхгүй гэсэн санаа, үүгээрээ шашны эсрэг үзлээ илэрхийлж.

No hell below us,
Above us only sky,

Нэгэнт л диваажин байхгүй юм чинь “Бидний доор там гэж байхгүй, дээр ганцхан тэнгэр л оршино”

Imagine all the people
living for today...

Үхээд очих там, диваажин байхгүй, тиймээс “бүх хүмүүсийг зөвхөн өнөөдөртөө л, одоогоороо л амьдарч байна хэмээн төсөөл дөө”

Imagine there"s no countries,
It isn"t hard to do,
Nothing to kill or die for,
No religion too,
Imagine all the people
living life in peace...

Хоёрдугаар бадагтаа дайн тулааныг буй болгож буй, нэгнээ хөнөөхөд, алтан амь үрэгдэхэд хүргэж буй хоёр том шалтгаангүйгээр амьдралыг төсөөлөхийг хүсчээ. Нэг нь улс орон- хил хязгаар, нөгөө нь харин шашин. Энэ хоёр зүйл байхгүй болчихвол Nothing to kill or die for… буюу “Төлөө нь алах, үхэх хэрэггүй” болох аж. Эх оронч үзэлтнүүд, шашны фанатуудын хувьд яавч таатай сонстох үгс биш. Тэгээд сүүлчийн хоёр мөртөө “Бүх хүмүүс энх тайван амьдарна хэмээн төсөөл дөө” гэсэн байна.

Imagine no possessions,
I wonder if you can,

Гуравдугаар бадагтаа коммунист үзлийн цөм болох өмчгүй болох талаар дуулж байна. “Өмч байхгүй гэж төсөөл дөө, чи тэгж байж чадах уу?

No need for greed or hunger,
A brotherhood of man,

Өмч, эзэмшил гэж байхгүй болчихвол Жон Ленноныхоор бол сувьдаг шунал, өлөн зэлмэгийн аль аль нь байхгүй, хүмүүс жинхэнэ “ахан дүүс” болох аж.

Imagine all the people
Sharing all the world...

“Бүх хүмүүс дэлхийг тэгш эзэмшинэ хэмээн төсөөл дөө”
Дахилтдаа харин ийн дуулна:

You may say I"m a dreamer,
but I"m not the only one,

Чи намайг мөрөөдөгч гэж хэлж болно,
гэхдээ би цор ганцаараа биш шүү.

I hope some day you"ll join us,
And the world will live as one.

“Нэг л өдөр чамайг бидэнтэй нэгдэнэ гэдэгт би итгэнэ,
тэгээд дэлхий нийт нэгдмэл, нэг л болж амьдарна”

Жон Ленноны ийн дуулсныг монгол хэлээр дуулж болохуйцаар орчуулах гээд үзвэл:

Төсөөл дөө.

Диваажин байхгүй гэж төсөөл дөө
Хичээвэл хэцүү ч биш ээ
Дээр гагц тэнгэр
Доор там үгүй
Олон түмнийг зөвхөн
Одоогоороо л амьдарна гэж төсөөл дөө...
Улсууд байхгүй гэж төсөөл дөө
Угтаа хэцүү ч юм биш ээ
Бас шашин гэж үгүй
Байлдах, үхэхийн ч хэрэг үгүй
Энэ хүмүүс бүгдээрээ
Энх амьдарна гэж төсөөл дөө..
Өмч байхгүй гэж төсөөл дөө
Өөрөө чи чадах бол уу?
Өлбөрөх ч, хомхойрох ч үгүй
Өргөн олноороо нөхөрлөнө
Хүж дэлхий бүхлээрээ
Хүн бүхэнд хүртэнэ гэж төсөөл дөө...
Гэнэн мөрөөдөгч гэв үү, намайг
Гэхдээ би ганцаархнаа биш шүү
Нэг л өдөр чи бидэнтэй нэгдээд
Нэг л ертөнц, нийтээр амьдарна аа...

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. буддист

    Гайхалтай. Гэхдээ яг диваажин тэнгэрийн оронд л ийм байдаг байх.

  2. Хатагин бүсгүй

    сайхан дуу байна. Нээрээ ажил хийгээд л байдаг, өлсгөлөн ядуу дээрэлхүүлж амьдардаг 2 тэрбус хүмүүсийг их өрөвддөг. Бас дайн сэдэж ашиг олдог, түүнд нь гэмгүй хүимүүс нь үрэгддэг. Иймээс дэлхийд ноёрхогч улс орон гэж байхгүй улс бүр өөрийн хүч чадлаар шудрага өрсөлдөн чадвал чинээлэг, ядвал даруухан амьдардаг системийг дэлхийн улс төр, эдийн засагт бий болговол сайхнаа гэж боддог шүү.

  3. ШУДАРГА

    ЯГ ТИЙМ ШҮҮ,,,ГАЙХАЛТАЙ БОДОЛ,,

  4. комунист

    түүнийг солиотой шүтэн бишэрэгч алсан гэдэгт итгэдэггүй байсан.энэ дууны утагыг ойлгсоноор түүний үхэл их дээрээс захиалсан кантари маягын аллага гэдэгт эргэлзэхгүй боллоо

  5. temujin

    bi yag uillaa