СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-10-08

Тэмбүү өвчинтэй үзлэг оношилгоог идэвхжүүлж байж тэмцэнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн жаран өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүү өвчинтэй зууралдсаар л. БЗХӨ-ний дотроос манайд зонхилон тохиолддог нь тэмбүү гэнэ. Гэхдээ манайхан хор уршгийг нь сайн мэдэхгүй, оношлуулахгүй явсаар сүүлд нь өвчнөө хүндрүүлсний дараа, амь насан дээр нь тулах үед л нэг ухаан ордог. Халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчин нийтийн өвчин болтлоо тархсан нь харамсалтай. Хэдэн жилийн өмнөөс л залуучуудыг эрүүл мэнд, бэлгийн боловсролгүй байгааг нь “гайхаж” байсан ч дорвитой арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрчээ.

Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа. Тэмбүү өвчнөөр ихэвчлэн бэлгийн идэвхтэй амьдралтай залуучууд өвчилдөг. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох өндөр магадлалтай. Мөн архи, дарс ууж, хяналтаа алдах зэрэгтэй холбоотойгоор өртөх нь бий. ба 10 мянган хүн амд ногдох өвчлөлөөр Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Баянхонгор, Дорноговь аймгуудад болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм.

Тус өвчний оношилгоо шинжилгээний талаар тэргүүлэх зэргийн хувийн эмнэлгийн эмчээс Ш.Заяагаас тодруулахад,

“Тэмбүү өвчин нь бэлгийн замын нийгмийн халдварт өвчин. Өөрөөр хэлбэл халдварлах зам нь бэлгийн мөртлөө тэмбүүтэй тогоочийн барьсан аяга тавагнаас хүртэл халдварлах боломжтой. Учир нь, тогоочын гаран дээр тэмбүү өвчнөөс үүдсэн яр шарх аяга тавганд хүрч, улмаар нян тогтож үлддэг. Энэ өвчин нь сүүлийн 5-10 жилд зогсолтгүй нэмэгдэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдээс тэмбүүгийн шинжилгээ шаарддаг болсон учраас тайван замаар их мэдэгдэж байна. Тэмбүү өвчний шинж тэмдэг нь эхлээд бэлэг эрхтэн дээр яр гараад дараа нь өөрөө алга болчихдог учраас хүмүүс ямар нэгэн өвчингүй гэж өөрсдийгөө боддог. Тэгсэн мөртлөө өвчин халдаагаад яваад байдаг.

Үүний дараа шатанд 2-3 жилийн дараа бүтэн биеэр юм туурдаг. Үүнийг хүмүүс харшил гэж буруу оношлоод байдаг. Зарим нь оношилгоонд оролгүй явсаар байгаад төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлчихдэг. Тиймээс тэмбүүтэй хүмүүсийг бүгдийг нь үзэж, оношилж чадахгүй байгаа учраас хэсэг бүлгээр нь зохион байгуулалттай үзүүлж, шинжилгээ хийлгэж байж сайн оношлогдоно.

Ийм өвчтөнүүд хувийн эмнэлгүүдэд их ханддаг. Манай эмнэлгээр л гэхэд долоо хоногт 2-3 тэмбүү өвчинтэй хүн үйлчлүүлдэг. Тэд нарын зарим нь өөрсдийгөө тэмбүүтэй болсноо мэдээгүй байдаг. Тэмбүү өвчин нас, хүйс харгалзахгүй бүгдэд адилхан тусдаг. Тиймээс тэмбүү өвчин хаана ч байж болно. Тэр яр, шарх нь хүрсэн л бол ямар ч эд зүйлээс халдварлах боломжтой. Хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатанд монголчууд хамаргүй болсон гэж ярьдаг энэ нь мөгөөрс иддэгтэй холбоотой. Энэ нь 10-15 жилийн дараа мэдэгддэг. Халдвар тараагч хүмүүс тэмбүүтэй гэдгээ мэдэхгүй яваад байгаа нь гол асуудал.

Хүмүүс ганц бие хүмүүсийг илүү эрсдэлтэй гэж боддог. Эсрэгээрээ ганц бие хүмүүсээс бэлгийн хамтрагчтай буюу хосууд, гэр бүлүүд илүү эрсдэлтэй байдаг. Гэртээ байгаа эхнэр өөрийгөө өвчингүй эсвэл халдвар авахгүй гэж бодох нь олон шүү дээ. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Харин ганц бие хүмүүс өөрсдийгөө халдвар авчих вий гэж үзүүлж оношлуулдаг. Мөн ЛГБТ хүмүүс бэлгийн замын өвчнийг их тараадаг. Түүнчлэн цусны шинжилгээгээр оношлуулж болно. Халдвар авсан л бол тэмбүү өвчин насан туршид нь цусанд нь илэрдэг.

Эдгэрсэн ч гэсэн тэр хүн шинжилгээ өгөхөөр тэмбүүтэй гэж гарч ирээд байдаг. Тэмбүүг эмчлүүлснээр халдваргүй л болж байгаа болохоос насан туршид нь тэр хүний биед тэмбүүгийн эсрэг бие байна. Харин эмчилгээ хийлгэхдээ долоо хоногийн зайтай гурван удаагийн тариа хийлгэдэг ” гэв.

Тэмбүү өвчнөөс хамгаалсан вакцин гэж байхгүй

Тэмбүү нь цайвар трепонем гэдэг нянгаар үүсэх бэлгийн замаар дамжих халдварт ордог. Заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь 30, 40-өөд төрлийн бэлгийн замын халдваруудаас зонхилон тохиолдох өвчин. Тэмбүү өвчин ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан, шархадсан үед дамжина.

Халдварын “нууц” хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр голчлон гарна. Манайхан үүнийг хатуу яр гэж нэрлэдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий.

Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвчлэн бэлэг эрхтнээр халдварладаг учраас цавины булчирхай томордог. Хэрэв үнсэлцэж байгаад амны шалбархайгаар халдвар авсан бол уруулын орчим яр гарч дараа нь тэр хавийн тунгалгийн булчирхай томорно гэсэн үг. Тунгалгийн булчирхай нь мөн ямар нэгэн зовиургүй, тэмтрээд үзэхэд хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеийг тэмбүү өвчний нэгдүгээр үе гэнэ.

Хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилна. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг.

Хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь болохоор дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэдэг. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээгээр л мэдэж болно. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг. Ингэж явсаар гуравдугаар үедээ ордог. Энэ үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүснэ.

Халдвар тараагч хүмүүс тэмбүүтэй гэдгээ мэдэхгүй явсаар байгаа нь гол аюул

Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарын мөгөөрсөн эдийг иддэг. Ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай. Бас давхар мэдрэлийн системд нөлөөлдөг. Ерөнхийдөө хоёрдугаар үеэсээ эхлээд л дотор эрхтний системийг гэмтээж эхэлдэг. Мэдрэлийн систем, элэг, зүрх, судсыг үрэвсүүлнэ. Шинжилгээгээр илэртлээ бас удна. Хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн дараа цусны шинжилгээ өөрчлөлттэй гарна. Харин “нууц” хугацаа болон хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн хооронд цусны шинжилгээ сөрөг гардаг. Тиймээс энэ хугацаанд шинжилгээ өгөөд ч өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Харин үүнээс хойш шинжилгээний хариу эерэгжиж эхэлнэ.

Өвчний явцыг харахад хүний биед зовиур багатай мөртлөө их аюултай өвчин. Тийм учраас аль болох урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Сүүлийн үед манай жирэмсэн эхчүүд хяналтад эрт хамрагдаж байгаа нь сайн хэрэг. Хяналтад хэдий чинээ эрт орно, төдий чинээ урьдчилан сэргийлж чадна гэсэн үг.

Хэрэв халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд хүүхэд нь зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэх аюултай.

Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг.

Сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дундажийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад бэлгийн замын халдварт өвчний 40 орчин хувийг тэмбүү эзэлж байна. Шалтгаан нь залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхдэдээ халдвараа дамжуулдаг. Үүнээс болж төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 47 бүртгэгдсэн ба нас баралт зургаа, амьгүй төрөлт 15 удаа бүртгэгджээ.

Ээж нь тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэх хэрэгтэй.

Урьд нь натрийн пенциллинийг үе шатаас нь хамаараад олон хоногоор тарьдаг байсан бол одоо хүчтэй пенциллинээр нэг л удаа тарьдаг болсон. Тэгээд нэг удаа залуучууд өөрсдийнхөө дураар юм уу, эмийн санчийн зөвлөгөөгөөр дутуу, буруу эмчилгээ хийдэг. Дутуу эмчилбэл өвчин тарах, хүндрэх тохиолдол их бий. Хамгийн гол нь өвчин илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Үүгээр ч зогсохгүй, аман бэлгийн харилцаагаар халдаж болно. Аман дээр шарх үүссэн бол тэмбүү өвчин тусаж болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой. Иймд ганцаараа биш хостойгоо ирж эмчлүүлэх хэрэгтэй. Тэмбүү өвчнөөс хамгаалсан вакцин гэж байхгүй.

Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох ба энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.

Түүнчлэн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал гэж эмч нар анхаарууллаа.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.