Францын нийслэл Парис хотод Америкийн нэрт уран бүтээлч Жеф Күнсийн шинэ хөшөө нээлтээ хийгээд удаагүй байгаа юм. Гэвч 2015 онд болсон халдлагаар Парист амиа алдсан 130 хүний дурсгалыг хүндэтгэж босгосон хөшөө шүүмжлэлд өртөж эхэлжээ.
Шүүмжлэгчид алдарт уран бүтээлчийн “Алтанзул цэцгийн баглаа” нэртэй өнгө өнгийн алтанзул цэцэг атгасан гарны дүрстэй хөшөөг хүний бие эрхтний хэсгийг хэт их оролцуулснаар эротизмийг сурталчилсан шинж чанартай, цэцгийн хэлбэр эмийн ургамлын өвстэй төстэй харагдаж байна хэмээн өөлсөн байна. Алтанзул цэцэг нь хайр энэрлийг ихэвчлэн бэлгэддэг юм.
Уран бүтээлч Күнс шүүмжлэлийн хариуд хэлэхдээ хөшөөг хэд хэдэн талаас нь бодож, өөр өөр утга агуулгатайгаар бүтээсэн гэжээ.
Юун түрүүнд агаарын бөмбөлөг мэт хэлбэртэй цэцгүүдийг гараар атгасан байгаа нь Америк, Францын ард иргэдийн эв нэгдлийг харуулж байгаа гэв. Парис хотын концертын танхим, төв цэнгэлдэх хүрээлэн, зоогийн газруудад дөрвөн жилийн өмнө болсон террорист халдлагын улмаас 130 иргэн амиа алдаад зогсохгүй олон зуун хүн гэмтэж шархдаж, сэтгэл санааны асар их хохирол амссан нь Нью-Йоркод болсон есдүгээр сарын 11-ний халдлагатай төстэй гэдгийг илэрхийлжээ. Күнс уг хөшөөний зохиогчийн эрхээс цуглуулсан ашиг орлогынхоо 80 хувийг хохирогчдын ар гэрийнхэнд хандивлахаа мэдэгдэв.
Харин Парис хотын оршин суугчдад 12 метр өндөр хөшөө царай муутай, эв хавгүй, эротизмийг агуулсан хэв маягтай харагдсан хэвээр байгаа юм. Францын философич Yves Michaud дотоодын L’Obs сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “11 өөр өнгийн цэцгийн амсар өгзөгний нүх шиг харагдаж байна” гэжээ.
Цахим сүлжээнд хотын иргэд цэцэгсийг яг л эмийн ургамал шиг муухай, гоо зүйгүй харагдаж байна хэмээн таалаагүй байна. Гэвч алдарт уран бүтээлчийн сэтгэлгээг ойлгож буй цахим сүлжээний хэрэглэгчид хөшөөг магтаж талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com