Монгол, Энэтхэг улсуудын хамтарсан “Нүүдэлчин заан” цэргийн сургуулилалт 14 дэх жилдээ Энэтхэгийн Бакло хилийн цэргийн хуаранд явагдаж байна. Хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн бямба гарагт эхэлж, энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сургуулилалтад Монголын армийн 084 дүгээр ангийн нисэх хүчний тусгай үүргийн батальоны бүрэлдэхүүн, алба хаагчид, офицеруудын хамт оролцож байгаа бол Энэтхэгийн арми Ражпутана зэвсэгт хорооны батальон бүрэлдэхүүнтэйгээр нэгджээ.
“Нүүдэлчин заан” НҮБ-аас олгосон эрхийн хүрээнд терроризм, зэвсэгт бослоготой тэмцэх хүрээнд сургуулилалт явуулж ирсэн юм. Мөн хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, цэрэг армийн салбарт холбоо харилцааг сайжруулах зорилготой ажээ.
Хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд тактикийн сургуулилалтаас гадна лекц сургалт, цэргийн жагсаалыг зохион байгуулж байна. Хоёр улсын арми харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: www.pragativadi.com