Отгон хүүгээ бусдын гарт цаг бусаар алдсан иргэн Б.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Би 26 настай цэл залуухан хүүгээ алдаад хоёр жил хагас болж байна. Миний хүү Г.Батхүү 2017 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хоёр залууд зодуулж амиа алдсан байдаг. Хэрэг гардаг өдөр найзууд нь дуудан авч гарч шөнийн цэнгээний газарт хэрүүл, зодоон үүсгэсэн найзуудыгаа өмөөрч, салгах гэж яваад бусдын гарт амиа алдсан.
Танихгүй хоёр залуу хүүгийн минь толгойн тус газарт олон удаа цохиж, М гэгч нь ширээний тавцангаар толгой руу цохиход ухаан алдсан. Тэдний энэ бүх үйлдэл камерт бичигдсэн бөгөөд одоо хүртэл надад үзүүлээгүйгээс гадна хэргийн мөрдлөгөд камерын бичлэгийг ашиглаагүй.
Хэргийн ганц нотлох баримт болох камерын бичлэгийг мөрдлөгт гол нотлох баримт болголгүйгээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн дүгнэлт ашиглах яллах дүгнэлт гаргасан. Ингээд анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалт дутуу гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан.
Үхлийн шалтгаан нь “Тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэхүү гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хэргийг буцаах үед прокуророос дахин шүүхийн шинжилгээний бичиг гаргуулна хэмээн бүтэн зургаан сар хүлээлгэж гарсан шинжээч эмч нарын дүгнэлт нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэн “Зөвхөн савж унах үед үүсэх гэмтэл” гэж гарсан.
Хууль хяналтын байгууллага сүүлийн дүгнэлт дээр үндэслэн бүлэг хэргийг ганц хүний хэргээр зүйлчилж нөгөө хүнийг нь ял завшуулчхаж байгаа юм.
Шүүх эмнэлгийн эхний дүгнэлтийг энгийн эмч нар гаргасан бол хоёр дахь дүгнэлтийг цагдаагийн шинжээч эмч нар гаргасан. Иймд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хэрэгтнүүдийн мэдүүлэг дээр үндэслэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсанд гомдолтой байна.
Уг хэрэгт 28 настай Ч, 22 настай М нар холбогдсон бөгөөд шүүхээс Ч-д 11 жилийн ял оноосон ч одоо хүртэл яллах дүгнэлтийг шүүхээс гаргаагүй цагдан хохироход хоригдож байгаа.
Харин М гэх залуугийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул цагаатгасан. Бүлэг гэмт хэрэг гэдгийг нотлох камерын бичлэг байсаар байхад шүүхээс бүлэг хэрэг биш нэг хүний хэрэг гэж үзээд Ч-д 11 жилийн хорих ял оноож, М-ийг цагаатгасан.
Бүтэн долоон сар хэргийг нэмэлт байцаалтад буцаах нэрийдлээр хав дарчхаад шүүх рүү шилжүүлэхэд хүүг минь хамгийн их зодсон М-ийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Энэ бол хэргээс М-ийг авч үлдэх гэсэн башир арга" гэв.
Иргэн Б.Нямхүү өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дөрөв, нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хоёр, одоо улсын дээд шүүхээр хоёр дахь удаагаа орох гомдлоо гаргаад явж байгаа юм.
Хүүгийнх хэргийн шүүх хурал нэг ч гэрчгүй болсон бөгөөд энэ бүх хугацаанд хууль хяналтын ганц л хүн шударга байсан нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүгч Алдар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан явдал гэнэ.
Б.Нямхүүгийн "Малаа нядлуулсан биш хүүгээ бусдын гарт алдчихаад байхад хууль, хяналтын байгууллага шударгаар ажилдаггүй юм байна гэдгийг ойлголлоо. Ядарсан эх хүн хэдэн тэтгэврийн мөнгөөрөө хуульч хөсөлдөг ч тэд ч мөн хохирогчийн төлөө хичээл зүтгэл гарган ажилдаггүй юм байна" хэмээн ярьсан юм.