Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагаас сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариуг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
Энэ сарын 05-06-нд шилжих шөнө Нийслэлийн онцгой комиссоос иргэд угаартаж нас барсан асуудалтай холбогдуулан шуурхай штаб байгуулан ажиллалаа. Шахмал түлшнээс авсан холбогдох дээжүүдийг Монголын гурван том лабораторид шинжлүүлж, албан ёсны дүгнэлтийг хүлээн авлаа. Өнөө өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай комисс хуралдаад иргэддээ уриалга зөвлөмж өгөх, түлшний хэрэглээний талаарх танилцуулга мэдээлэл хийх, зуухны зөв хэрэглээний талаарх зөвлөмж өгөх ажлуудыг хийхээр боллоо.
НМХГ-ын орлогч дарга С.Даваасүрэн:
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс дээж авч Ашигт малтмал, газрын тосны газар, Геологийн төв лаборторид шинжилгээ хийлгэсэн. Уг дүн өчигдөр бидэнд ирснийг танилцуулъя.
Геологийн төв лабораторид есөн дээжийг шинжлүүлсэн. Нас барсан иргэн болон хордсон 19 айлын түлшийг шинжилсэн байгаа. Шинжилгээгээр түлшний чийглэг стандарт шаардлагад нийцсэн, үнслэг нь стандарт үзүүлэлтээс 30 хувь, хүхэр нь хүлцэх хэмжээнээс 5-60 хувь бага гарсан байна. Харин түлшний илчлэг нь 6000-аас их гарсан эерэг үзүүлэлттэй байна. Нэг үгээр хэлбэл стандарт шаардлагад бүрэн нийцсэн болох нь тогтоогдлоо. Бид айл өрхүүдээс төдийгүй тус түлшийг үйлдвэрлэж байгаа түлшнээс ч гэсэн дээж авч шинжиллээ. Шинжилгээгээр бүгд стандартын зохист түвшинг бүрэн хангаж байна. Гаалийн төв лабораторид сайжруулсан түлшийг хийхэд ордог цардуулыг бас шинжлүүлсэн. Тус газраас ирүүлсэн шинжилгээний хариугаар сайжруулсан түлшний орц найрлагад орсон цардуул нь жинхэнэ цардуул мөн байна. Ямар нэгэн химийн бодис биш байна гэдгийг тогтоолоо гэсэн байна.
Мөн өчигдөр нэг өрхийн хоёр хүүхэд угаартлаа гэсэн дуудлага мэдээлэл 103-т ирсэн байсан. Уг дуудлагын дагуу иргэн Т-ийн гэрт очиж асуулга авч, түлшнээс нь холбогдох сорьж шинжилгээг хийхэд угаартсан айл нь хэрэглээний буруугаас үүдэн хүүхдүүдээ угаартуулсан болох нь тогтоогдсон. Уг айл яндангийнхаа хаалтыг хийсний улмаас хүүхдүүд нь хордсон байсан. Харин тус айлтай яг ижилхэн түлшийг хэрэглэсэн айл аюулгүй байдлаа хангаж, зөв хэрэглэсэн учраас ямар нэгэн хордлогод ороогүй байна билээ.