Warner Bros кино компанийн бүтээл “Joker” уран сайхны кино хэт их хүчирхийллийг харуулсан хэмээн шүүмжлэл дагуулж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд бокс оффисын дээд амжилтыг эвджээ. 50-70 сая ам.долларын зардлаар бүтээсэн 122 минут буюу 2 цаг 2 минут үргэлжлэх кино энэ сарын 4-ний баасан гарагт нээлтээ хийснээс хойш даруй 234 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан байна.
АНУ даяар их хэмжээний ашиг орлого цуглуулснаас гадна Warner Bros кино компанийн хувьд энэ жилийн хамгийн том нээлт, амжилт болж байна хэмээн шүүмжлэгчид бичжээ. Кино хэт их хүчирхийллийн шинж чанартай зураг авалттай болсон тул АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газраас хууль дүрмийг чандлан сахихыг анхааруулсан байна.
2012 онд Batman цувралын “The Dark Knight Rises” анги гарах үеэр Колорадо мужийн Авроро хот дахь кино театрт зэвсэгтэй этгээд үзэгчид рүү гал нээж 12 хүн амиа алдаж 60 орчим хүн гэмтэж шархдаж байсан юм. Тиймээс энэ удаад дээрхтэй төстэй халдлага дайралт гарахаас эрх баригчид сэрэмжилж аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалжээ.
Америкийн продюссер, найруулагч, киноны зохиолч, жүжигчин Тод Филипсийн найруулж продюссерлэсэн, алиалагч хэрхэн алуурчин болсон эмгэнэлт түүхийг өгүүлэх “Joker”-ын дүрийг Пуэрто Рикогоос гаралтай 44 настай жүжигчин Хоакин Фоеникс бүтээжээ. Тэрээр Грэмми, Алтан бөмбөрцөг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэнээс гадна Оскарын шагналд гурван удаа нэр дэвшсэн туршлагатай жүжигчин бөгөөд "Joker"-ын дүрд тоглохын тулд 24 кг жин хаясан байна.
“Joker” кино сар гаруйн өмнө Италийн Венецид нээлтээ хийж Алтан арслангийн эзэн болоод байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com