Сүүлийн хэдхэн жилийн дотор монголын 3х3 сагсанбөмбөгийн залуус дэлхийд хүчтэй өрсөлдөгч болохоо батлан харуулсаар байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд залуучуудын эрэгтэй, эмэгтэй багууд маань 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урамтай сайхан тоглолтуудыг үзүүлж үзэгч түмнээ баясгахын сацуу насанд хүрэгчдийн шигшээ баг болох Улаанбаатар ММС Энержи баг маань БНСУ-ын Чежү хотноо FIBA 3x3 холбооны энэ улиралын хамгийн сүүлийн Jeju Challenger 2019 тэмцээнд дэлхийн шилдгүүдийг буулган авч түрүүллээ.
Энэхүү ялалт нь манай улсын шигшээ багийн төдийгүй Ази тивийн баг анх удаа Challenger тэмцээнд түрүүлж буй түүхэн ялалт байлаа.
Улаанбаатар ММС Энержи баг Jeju Challenger 2019 тэмцээнд дараах тоглолтуудыг хийлээ.
- АНУ-ын Нью Йорк Харлем багт 21:10 харьцаагаар хожигдсон
- БНСУ-ын Инже багийг 21:18 харьцаагаар хожиж хэсгээсээ 2-оор гарлаа.
- Хасагдах шатанд Сербийн алдарт Земун багийг 17:16 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарлаа
- Хагас шигшээ тоглолтод ОХУ-ын Нева багийг 14:12 харьцаагаар буулган авч аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
- Аваргын төлөө Словенийн хүчирхэг Пиран багийг 13:10 харьцаагаар буулган авч ЦОМ ӨРГӨЛӨӨ.
Мөн түүнчлэн манай багийн Д.Дэлгэрням уг тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглолч"-оор тодорч давхар цом өргөлөө.