Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөх шалгах газрын Халаасны хулгайн, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийтийн тээвэрт хулгай хийдэг бүлэг хулгайч нарыг баривчилсан байна.
Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд 3, 4 дүгээр хороолол, Багшийн дээд, Жуков, Офцерийн чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн халаас болон цүнхнээс 50 гаруй гар утас, түрийвч, нөүтбүүк зэргийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаад байна.
Шалгалтын явцад хулгайч нар оршин суух хаяггүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд амьдарч байсан нийтийн байрнаас 50 гаруй утас, түрийвч, нөүтбүүк зэргийг илрүүлсэн байна.
Нийт 50 гаруй гар утас байгаагаас 20 гаруй гар утасны эзэн холбогдогчийг тогтоон хүлээлгэн өгчээ. Харин үлдсэн 30 гаруй гар утас болон түрийвчний эзэн холбогдогч илрээгүй байгаа тул дээрх өдрүүдэд эд зүйлсээ алдсан иргэд Мөрдөн шалгах газарт /Баруун дөрвөн замын Элбагийн байр/ ирж өөрсдийнхөө эд зүйлийг таниад авч болно гэв.
Иргэдийн хувьд цагдаагийн байгууллагад гар утас, эд зүйлсээ алдсан тохиолдолд мэдээлэхгүй байгаа зэргээс болж шалгалтын ажил явуулахад хүндрэл гардаг байна.
Иргэдийн гар утсыг хулгайлсан хулгайч нар “Мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. 20-30 насны хүмүүсээс хулгай хийсэн” хэмээн ярив.
Иймд иргэд нийтийн тээврээр зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.