УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэх ёстой гэсэн хууль дээр Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригийг хүлээж авахгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг эртнээс төлөвлөсөн хэмээн өчигдөр зарим гишүүд ярилцлага өгсөн.
Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
Д.Тогтохсүрэн "Намаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Бүлэг олонхиороо шийдээд яв гэсэн учраас бид парламентийн гишүүдийн түвшинд ийм шийдвэр гаргасан" гэлээ.
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэвэл санал асуулгыг ээлжит сонгуультай хамтад нь явуулна гэсэн үг үү?
-Дараа нь бид хоёр дахь тогтоолоо гаргана. Ард нийтийн санал асуулгаа хэзээ явуулахаа тогтоно. Тусад нь уу хамтад нь явуулах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Заавал УИХ-аар хэлэлцэж шийднэ.
-Ерөнхийлөгчийн тамгын газраас цэц дээр унана гэдэг тайлбар хийгээд байгаа шүү дээ?
-Цэц дээр унах уу үгүй юу гэдгийг урьдчилж хэлж мэдэхгүй. Тэртээ тэргүй ямар ч хуулиар хэн нэгэн цэцэд гомдол гаргавал цэц хэлэлцэнэ.
-Танай нам УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эсэх асуудал дээр хоёр хуваагдаад байна уу?
-Хоёр хуваагдах ч юу байх вэ дээ. Хэсэг гишүүд санал гаргаад тэр саналыг нь хэлэлцээд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шаардлагагүй юм байна гээд шийдчихсэн.