Энэ жил Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн үргэлжилж байгаа аж. Харин Төв болон Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна гэдгийг албаныхан хэлэв
Б.ТУУЛ
Найр наадмын хөл татарч, хөдөө орон нутагт намрын ажил ид үргэлжилж байна. Ялангуяа, газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган, Ховд, Увс, Архангай зэрэг аймагт ургац хураалтын ажил эрчимтэй үргэлжилж, дийлэнх аймгууд ургац арвинтай намрыг угтаж байна. Хэдийгээр хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад тариаланчдад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж байгаа ч зуншлага оройтсон, бороо хур элбэгтэй байснаас үүдэн ургамлын болц нь гүйцээгүй, ургац тааруухан хурааж байгаа аймаг ч бас цөөнгүй байна.
Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад тариалалт нэмэгдсэн, арвин ургац хурааж байгаа аймаг ч олон байна. Тиймээс энэ удаа бид улсын хэмжээний ургац хураалтын байдал, тариалангийн бүс нутгуудад ургац хураалт хэдэн хувьтай үргэлжилж байгааг сонирхсон юм.
ХХААХҮ-ийн сайдын мэдээлснээр энэ жил Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн үргэлжилж байгаа аж. Харин Төв болон Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна гэдгийг албаныхан хэлэв. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж, технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой хэмээн мэдээлсэн юм.
Энэ жил манай улс улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөсөн байна. Энэ сарын 1-ний байдлаар 43.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 87.7 мянган га-гаас 113.0 мянган тонн үр тариа, үүнээс 105.7 мянган тонн улаанбуудай, 11.2 мянган га-гаас 131.1 мянган тонн төмс, 4.6 мянган га-гаас 51.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Үр тарианы хураалт 25.1 хувь, хүнсний ногооны хураалт 58.1 хувь, төмсний хураалт 75.1 хувийн явцтай байна. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарчээ.
Сэлэнгэ, Булган, Увс, Ховдынхон ургац арвинтай байна
Нөгөөтэйгүүр, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг яаравчлах шалтгаан бас байна. Учир нь намар болгон харилцан адилгүй. Хүн, малгүй налайж суух дулаан өдрүүд байх ч нэг л өглөө хяруу унаж, мөндөр цохих эрсдэл олонтаа бий. Дээрээс нь ихэнх аймгийн цаг уур, орчны шинжилгээний газрын аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг харвал, ихэнх нутгаар буюу Баянхонгор, Говь-Алтай, Дархан, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт хүйтэн сэрүүн, салхи шуургатай, цочир хүйтрэнэ гэсэн мэдээлэлтэй байна. Иймд байгаль, цаг уурын аятай цагаар бэлтгэлээ сайн базаах нь ургацаа бүтэн авахын эхлэл гэдгийг хашир тариаланчид зөвлөж байна.
Энэ жил цаг агаар тааламжтай байсан, зуншлага сайхан болсон нутгууд ургац арвинтай байгааг дээр нэгэнт дурдсан. Тухайлбал, энэ жил Увс аймгийн тариаланчид сүүлийн 30 гаруй жилд байгаагүй арвин ургац хураах төлөвтэй байна. Тус аймгийн хэмжээнд энэ жил 15961 га-д улаанбуудай, 103,5 га-д арвай, 433 га-д овъёос, 2 га-д хөх тариа, 25 га-д гурвалжин будаа тариалсан байна.
Өнгөрсөн онд Увс аймагт нэгжээс авах ургацын хэмжээ 11.7 цн байсан бол энэ жилийн тухайд 16 цн хүрнэ гэсэн тооцоог гаргажээ. Харин ургац хураалт тус аймгийн хэмжээнд 10 гаруй хувьтай үргэлжилж байгаа нь цаг агаарын эрсдлээ тооцоолж, ажлаа яаравчлахыг сануулж байна. Сэлэнгийн тариаланчдын хувьд, ургац хураалтын ажил ид өрнөж байна.
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбуудай нэгж га талбайгаас 12.8 цн буюу 20506 тн ургац, улаанбуудайн хураалт 11.3 хувьтай, тосны ургамал 1515 га талбайг хурааж нэгж га талбайгаас 7.5 цн буюу тэжээлийн ургамал 250 га талбайг хурааж нэгж га талбайгаас 6.8 цн буюу, төмс 1257.4 га талбайгаас 16016 тн ургац хураагаад байна. Нийт ургац хураалт 49.3 хувьтай, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай явж байна. Мөн ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар шинэ ургацын дээжээ хүлээн авсан байна. Тус сангийн лабораториор шалгагдаж тэнцсэн энэ жилийн анхны ургац Б.Пүрэвсүрэн захиралтай Хушаат сумын “Хайрхан оргил уул” ХХК-ийн ургац байв.
Булган аймагт өнөөдрийн байдлаар энэ намрын үр тарианы ургац хураалтын ажил талдаа орлоо гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.Аймгийн хэмжээгээр 40,5 мянган га талбайд үр тариа тариалснаас 810 га-гийн үр тариа мөндөрт цохиулан ургац алдаж, 39,6 мянган га талбайгаас ургац хурааж байна. Одоогоор 19,8 мянган га талбайгаас 26,1 мянган тонн үр тариа авчээ. Энэ намрын үр тарианы ургац хураалт Хишиг-Өндөр суманд дуусч, Баян-Агт, Хангал суманд 81,8-94,9 хувьтай байна.
Ховд аймагт ургац хураалт 88 хувьтай байна
Ховд аймгийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ургац хураалтын ажил аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэдгийг мэдээлсэн юм. Тус аймагт газар тариалан эрхлэгч 300 гаруй иргэн бий. Энэ жил аймгийн хэмжээнд 2433.7 га газарт тариалалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар 17331.18 тн ургац хураан авчээ. Ургац хураалтын ажил бүх суманд жигд үргэлжилж байна гэж Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Архангай аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил энэ сарын 27-ны өдрийн байдлаар 62.1 хувьтай үргэлжилж байна. Үүнд, үр тариа 5160 га талбайгаас 6025.0 тн, тэжээлийн таримал 910 га-гаас 3185 тн, төмс 215 га-гаас 2537 тн, хүнсний ногоо 110 га-гаас 1320 тн, тосны таримал 540 га-гаас 432 тн-ыг тус тус хураан авчээ. Ургац хураалтын ажилд “Гурван тамир” дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 130 гаруй оюутан, сурагчид идэвхтэй оролцож байна.
Дундговьд газрын гарц тааруухан байв
Монголчууд атар газар эзэмшээд хагас зууныг элээж байна. Энэ хугацаанд арвин их ургац хураан авч байсан үе ч бий. Алдагдал хүлээсэн таагүй он жилүүд ч бий. Тиймээс энэ жилийн намрын өнгийг харахад, ургац багатай суугаа аймгууд ч байна. Мөн намрын цагаар тариалангийн талбай, малын бэлчээрийн түймэрт автсан, таагүй мэдээлэлтэй аймгууд ч бас байна. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сум түймэрт автаж, 100 га бэлчээрийн талбай шатжээ. Ургац тааруухан байгаа аймгийн нэг нь Дундговь аймаг. 2019 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд зуншлага хэвийн,70 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу байжээ.
Энэ зуны байдлаар дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж, бэлчээрийн ургамлын ургалт эрт цухуйж, зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн хэдий ч 5-7 дугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага орсноор ургамлын ургалт муудсан, зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон учир ургамлын гарц гүйцээгүй, ургац тааруухан байгааг тариаланчид хэлж байв.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил 20 орчим хувьтай, ургац хураа удаашралтай, сүүл мушгиж байгаа аймгуудын тоонд Өвөрхангай, Архангай аймгууд орж байна. Өвөрхангай аймгийн хувьд ургац хураалт 17 хувьтай, Архангай аймагт мөн удаашралтай үргэлжилж байна. Өвөрхангай аймаг улаан буудайг долоон иргэн, 13 аж ахуй нэгж 6860 га талбайд тариалсан бөгөөд 1200 га талбайгаас 1600 тонныг хураагаад байна Энэ жил аймгийн хэмжээнд 976 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд 1464 тн буюу 58560 боодол ногоон тэжээл хураан авах төлөвтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин” № 197 (6164)