Энэ сарын 2-нд хоёр айлын найман хүн шахмал түлшинд угаартаж Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Бид энэ талаар Хордлогын үндэсний төвийн эмчээс тодруулахад “Сүүлийн өдрүүдэд гадаа хүйтрэх болсон тул иргэд галаа түлэхдээ буруу түлэх, зуухны сойлтоо хаах, өрхөө битүү бүтээсэн зэргээс болж угаартаж байна” гэсэн.
Мөн ЭМЯ-ны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, хордлогын ерөнхий мэргэжилтэн С.Юндэнтэй утсаар холбогдон тодруулахад “Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хоёр айлын найман хүн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Угаартсан иргэдийн хоёр нь хүүхэд байсан. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон. Уушги болон бусад эрхтэнд хүндээр нөлөөлөөгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Тэрнээс бол шахмал түлшнээс болж угаартаад байгаа юм биш. Галлагаагаа буруу хийснээс болж угаартаж байна” гэсэн юм.
Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа зэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.