Иракийн иргэд авлига хээл хахуульд автсан Засгийн газар болоод ажилгүйдэл, ядуурлыг эсэргүүцэж мягмар гарагаас эхлэн хоёр хоногийн турш жагсаж байна. Хоёр хоног үргэлжилсэн жагсаалыг тараахаар хэв журам сахиулах цагдаа нарыг байршуулж, цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашигласнаар одоогоор есөн иргэн амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эмх замбараагүй байдал, мөргөлдөөний үеэр олон зуун иргэн гэмтэж бэртсэн байна.
Нийслэл Багдад болон Насирия зэрэг хэд хэдэн хотод Засгийн газрын эсрэг жагсаал болжээ. Эрх баригчид жагсаал цуглааныг зогсоох үүднээс нийслэл, зарим хотуудад Facebook, Twitter, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн цахим сүлжээг хаасан байна. Мөн Насирия, Амара, Хилла гэсэн өмнөд хотуудад хөл хорио тогтоожээ.
НҮБ-ын зүгээс хүн бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хуулиар хамгаалуулсан эрх байгаа тул жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалсан байна.
Жагсаал эхний өдрөө тайван замаар эхэлсэн ч Багдад дахь Эрх чөлөөний талбай буюу Тахрирын талбайд мөргөлдөөн эхэлсэн байна. Жагсагчид Засгийн газрын ордонд хүрэх гэснээс улбаалж цагдаа нарын хамгаалалттай нүүр тулжээ.
Эх сурвалж: www.bbc.com