Нийслэлийн хэмжээнд 20-35 насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэдэг бөгөөд зөвшөөрөлгүй газар, эмчлэх эрхгүй хүнээр үр хөндөлт хийлгэн хохирсон 21 тохиолдол гарсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
НМХГ-аас хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг бууруулах зорилгоор нийт 46 газарт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж буй “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал” байсан бол эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, “Сэцэнгээ” эмнэлэг байсныг илрүүлжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд Эрээнээс, интернэтээр, Нарантуул зах, Зүүн хараагийн захаас, хувь хүнээс үр зулбуулах эм авч уусан тохиолдол гарчээ. Гэвч дээрх эм уусны улмаас биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн 21 тохиолдол гарсан бөгөөд хоёр эмэгтэй саваа авхуулан эрүүл мэндээрэй хохирсон байна.
Иймээс баталгаагүй эм авч уухгүй байхыг сануулсан ба эмчийн заалтын дагуу эмнэлгийн хяналтанд баталгаатай эмийг хэрэглэх нь зүйтэй хэмээн НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дурдсан юм. Тэрбээр “Үр хөндөлтийг тусгай зөвшөөрөлтэй, 24 цагаар эмнэлгийн үйлчилгээ явуулдаг, ортой эмнэлгүүд багажийн аргаар болон үр зулбуулах эм хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд эмчлэх эрхтэй эсэхийг мэдэхгүй эмчээр, хууль бус үйл ажиллагаа явуулдаг газруудад очиж үр хөндүүлж, үүнээс нь болж хүндрэл гарч өөрсдийн эрүүл мэндээр хохирох тохиол гарч байна” хэмээсэн юм.
Эмэгтэйчүүд маань жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч, үр хөндөлтийг тэр болгох хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ажээ.