СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-03

Илчгүй түлштэй гэр хорооллынхон ирэх өвлийг давж чадах уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс түлэхгүй байх тогтоолыг Засгийн газар баталж, өнгөрсөн тавдугаар сараас түүхий нүүрс хот руу оруулж ирэхийг хориглосон. Сайжруулсан түлшний чанар, хүрэлцээний асуудалд иргэд нэлээд шүүмжлэлтэй байгаа. Хүйтний ам наашилж буй энэ өдрүүдэд нийслэлийн иргэд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхохоор Сүхбаатар дүүргийн XII хороог зорилоо.

Бидний нэрлэж заншсанаар 32-ын тойрог буюу “Сансар” худалдааны төвийн урд, жилийн өмнө өдийд хүн хөл бужигнаж, нүүрс, мод хаа сайгүй зардаг байсан. Гэтэл энэ жил нүүрс, мод зарж байгаа нэг ч хүн харагдсангүй. Автобусны буудлаас урагш 100 метр зайд “Сайжруулсан түлш худалдаалах цэг” гэ сэн хаягтай гараашийн урд хэдэн хүмүүс холхино. Дөхөж очвол “Сайжруулсан түлш” гэх бичигтэй улаан уутанд 25 кг-аар савласан нүүрсийг эгнүүлэн өржээ.

Машины цонхоо буулгаад “Нүүрс байна уу” гэж асуугаад хэдэн шуудай нүүрс машиныхаа ард хийн одох нэгэн байхад, өгсүүр газар усны тэргээ түрэн нүүрсээ арай ядан авч явах нэгэн ч байв. Нийслэлийн гэр хорооллууд хаа сайгүй ийм дүр зурагтай. Есдүгээр сарын сүүлээр өвлийн түлшээ машинаар нь бэлтгэчихдэг айлууд картаар олгох сайжруулсан түлшээ хүлээж, цэгүүдэд зарагдах жижиг савалгаатай нүүрсээ бага багаар зөөж байгаа нь энэ.

Өчигдөрхөн л борлуулалтын цэгүүд дээр хураалгаатай байсан ууттай нүүрснүүд өнөөдөр дуусч, иргэд хаа сайгүй нүүрс асууж яваа харагдлаа. Тус борлуултын цэгийн худалдагч Х.Түмэнжаргалаас сайжруулсан түлшний эрэлт, чанарын талаар тодруулахад, “Сайжруулсан түлшний эрэлт маш их байна. Манай борлуулалтын цэгээс өдөрт дор хаяж 100 уут зарагддаг. Нэг уутыг нэг өдөр хэрэглэхээр тооцож, савласан гэсэн. Гэхдээ хүмүүс ихэвчлэн таваас дээш уутаар нь авч байна.

Уг нь нэг айлд өдөрт хоёр уут нүүрс хэрэглэхээр тооцож, картаар олгоно гэсэн. Одоохондоо карт нь ашиглалтад ороогүй байгаа болохоор хүмүүс хамаагүй ирээд аваад л байна. Нэг мөр хангаж чадахгүй бол хоёрын хооронд ийм түлш оруулж ирэх шаардлага байхгүй шүү дээ. Замын цаана байгаа айлууд манай борлуулалтын цэгээс авах ёсгүй. Ойрхон цэгээсээ авах гээд, тэргээ түрээд ирж байгаа хүмүүст өгөхгүй гээд явуулалтай нь биш. Угаасаа манайхаас өөр нүүрс зарж байгаа газар ойр хавьд байхгүй. Ганцхан цэгээс авч байгаа болохоор хүрэлцэхгүй байна.

Одоо бол дулаахан байгаа шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд яах юм бүү мэд. Бололцоотой нэг нь хэдэн машинаар аваад явчихна. Цаана нь бололцоогүй өчнөөн хүн бий. Хаа холоос тэрэг түрээд, өвлийн хүйтэнд энэ хүртэл явна гэдэг хэцүү шүү дээ. Дээр нь сайжруулсан нүүрсийг зарим хүмүүс “Гал болохгүй, мод шиг хурдан шатаад дуусчихаж байна” гээд өчнөөн л гомдол хэлж байна” гэв. Биднийг ийн ярилцах хооронд нүүрс авахаар ирсэн хүний хөл хөдөлгөөн тасарсангүй.

Нүүрс авч байгаа хүмүүс ам амандаа “Үнс ихтэй, элч муутай байна” гэж үглэнэ. Энэ үеэр Х.Баттөмөр гэх нийтийн байр түрээслүүлдэг иргэнтэй таарсан юм. Тэрбээр “Би түүхий нүүрс хот руу оруулж ирэхийг хориглосон үеэс сайжруулсан түлш авсан. Өмнө жилийнх нь элч муутай байсан. Харин энэ жилийнхийг өнөөдөр хэрэглэж үзлээ. Түүхий нүүрс бол түлсэнээс хойш цагийн дараа элч нь мэдэгддэг юм. Харин .

Хувингийн дундаас дээгүүрхэн нүүрс хийхэд хоёр давхар, арваад өрөөтэй нийтийн байрыг төвөггүй халаачихдаг юм. Сайжруулсан түлш их хийгээд сайн халахгүй байна. Гэрт байдаг айлууд бол дороо халж байх шиг байна лээ. Гэхдээ үнс их гарсан” гэлээ. Бид цааш явсаар дараагийн борлуулалтын цэг болох Хайлаастын 17 дугаар сургуулийн автобусны буудалд хүрлээ. Сайжруулсан түлшний борлуулалтын цэг нь нөгөө цэгээс км орчим зайтай байв. Чингэлтэй дүүрэг дэх түлээ нүүрс борлуулах хамгийн том зах нь 17 дугаар сургуулийн баруун хойно байрлах “Гялгар” зах юм.

Энд сайжруулсан түлшийг тонноор нь савласан хэд хэдэн том цагаан уут харагдана. Ууттай нүүрсийг газар асгаж, улаан уутанд савална. Харин иргэдийн гар дээр хүрч байгаа 25 кг савласан нүүрс цөөхөн хэд үлджээ. Газраар асгасан нүүрсний зарим нь үүрч, нунтаг хог хөлөөр гишгэгдэнэ. Ингэж үүрсэн хэсгийг нь үйлдвэр рүү буцааж тушаадаг гэнэ.

“Гялгар” захын борлуулагч Н.Отгонцэцэг “Манайх Чингэлтэй дүүрэгт байрлах түлээ нүүрсний төрөлжсөн зах. Иргэд хорооныхоо нүүрс авах цэгүүдийг сайн мэдэхгүй байна. Ихэнхдээ манайхаас аваад сурчихсан болохоор харьяа дүүрэг харгалзахгүй өгчихлөө. Өдөрт нэг хүнд 2-4 шуудай нүүрс өгдөг. Холоос ирж байгаа хүмүүст авах хэмжээгээр нь өгч байна. Уг нь картаар өгөх ёстой. Карт нь иргэдийн гар дээр очсон ч цахим системийг нь суулгаагүй байгаа болохоор одоохондоо картаар олгохгүй байна.

Иргэдээ нүүрсээр таслахгүй гээд 24 цаг ажиллах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр шөнийн 12 цаг хүртэл суусан. Тэгэхэд хүмүүс тэргээ түрээд ирэх юм. . Би урьд нь түүхий нүүрс зардаг байсан. Хот руу түүхий нүүрс оруулахаа больсоноос хойш сайжруулсан түлш зарах болсон эхний арван цэгийн нэг нь манайх. Нүүрсний эрэлт бол маш их байна. Хүйтэн өдрүүдэд нүүрс түлээд эхлэхээр утаа үнэртээд эхэлдэг.

Одоо бол ямар ч үнэр алга. Ирэх арваннэгдүгээр сараас үр дүнгээ үзээд эхлэх байх” гэв. Энэ хавьдаа хамгийн томд тооцогдох мод нүүрсний энэ зах мөн л хөл хөдөлгөөн тасрахгүй байв. Хотын захын хорооллын нүүрс тасарчихсан учраас “Гялгар” захыг зорих хүн нэлээд их байлаа. Энэ үеэр нүүрс худалдан авч буй иргэдээс сэтгэгдлийг нь сонссон юм. Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Г.Жаргалцэнд “Сайжруулсан нүүрс хэрэглээд 10 гаруй хонож байна.

Хульхи нүүрс гарсан гэж зарим хүн яриад байгаа. Манай авсан нүүрс лав элч муутай, сайнгүй л байна. Манайх 8x9 харьцаатай нам даралтын зуухаар халдаг гурван өрөө байшинтай. Одоохондоо оройн цагаар гал түлж байна. Агаарын бохирдол бууруулна гээд үнэтэй түлш худалдаж аваад байгаа. Түүхий нүүрс түлснээс ялгаагүй л утаа гарч байна лээ. Модтой хамт түлэхгүй бол үнс маш их гардаг, хаягдал ихтэй. Манайхтай ойрхон борлуулалтын цэг байгаа. Гэхдээ өнөөдөр тэнд нүүрс байхгүй дуусчихсан.

Эндээс таван шуудай нүүрс авахаар ирлээ. Энэ манай гурван өдөр түлэх түлш. Задгай нүүрс нь хог ихтэй юм байна” хэмээн ярив. Сүхбаатар дүүргийн XV хорооны иргэн Б.Солонго, “Манайх Өвөрсогоотод байдаг. Гэхдээ борлуулалтын цэг нь манайхаас зайтай. Би долоон буудлаас ирж нүүрсээ авч байгаа. Хүмүүс дуурайлгаж хийж байгаа гэж яриад байх юм. Уг нь би “Сайжруулсан түлш” гэсэн бичигтэй улаан ууттайг нь авсан. Нэг түлэхдээ түүхий нүүрс түлдэг хэмжээгээр л хийсэн.

Манайх чинь арвын уутаар нэг хийчихээд унтаад өгөхөд маргааш нь цогтой байдаг. Өчигдөр нэг шуудай нүүрс аваад шөнө галлачихаад унтсан. Өглөө босоод харсан бөөрөнхий хатуу хар юм болоод унтарчихсан байсан. Модноос ялгаагүй, элчгүй юм билээ. Манайх энгийн зуухтай. Дөл зуухтай хүмүүс гайгүй байна гэж ярьж байна лээ. Зуухандаа байдаг юмуу, бүү мэд. Энэ өвөл энэ чигтээ хүйтэн байвал нялх хүүхэдтэй айлууд хөлдөж үхэх байх” гэв.

Б.Бадралмаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.