Улсын Дээд шүүх “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Онч шийдэл” НҮТББ “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний А/76 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7-ын доор хийсэн “Дээрх зохицуулалт нь энэхүү журам батлагдсанаас хойш шинээр зарлах төсөл сонгон шалгаруулалтад үйлчлэхгүй” гэх нэмэлт тайлбар заалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг маргааныг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн нэг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, харин нөгөө шаардлага болох “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай” А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгчийн “... хууль бус байсан болохыг тогтоолгох”-ын хүссэн дээрх журмын заалт болон журмын заалтыг хүчингүй болгосон актууд нь аль аль нь “захиргааны хэм хэмжээний акт” бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэгч зөвхөн “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой, харин хэм хэмжээний актын хувьд түүнийг “хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргах эрх хэмжээг Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Онч шийдэл” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзжээ.