“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж 109 сая ам.долларын зээл аваад, уг зээлийн үлдэгдлээ (40 сая ам.доллар) “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж чадсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн давж заалдах гомдлыг Улсын Дээд шүүхийн хуралдаанаар энэ сарын 07-ны өдөр хэлэлцэх тов гарчээ.
Энэ оны хоёрдугаар сард Ш.Батхүүг бусдын гарын үсгийн хуурамчаар үйлдэж, Монгол Улсын төсвийн орлогын 20 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг боож, Нийслэлийн прокурорын газраас ХУД-ийн шүүхэд шилжүүлж байв.
Гэвч ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хийх үедээ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудын бүрдүүлбэр дутуу хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн юм.
ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн үзсэн байна.
Тэгмэгц Ш.Батхүү Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 2019 оны долоодугаар сарын 19-ны өдөр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу энэ шүүх хуралдаан товлогдоод байна.
Хэрвээ Улсын Дээд шүүх Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд Ш.Батхүүгийн гэм буруугийн шүүх хуралдааны тов гарах бөгөөд бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт 40 сая ам.доллар учруулсан гэмт хэргийг нь шүүхээр дэнсэлж, улсад учруулсан хохирлыг нь барагдуулж, тохирсон ял шийтгэлийг оноох боломж бүрдэх юм.