АШУҮИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ангараг нарын хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд мэдэгдэхдээ "АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг эргүүлэн томилох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна" хэмээв. Цаашилбал,
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед Г.Батбаатар захирал үндэслэлгүй ажлаас халагдсан тул шүүх, хяналтын байгууллагад шалгуулахаар болсон. Ингээд анхан шатны шүүхээс үндэслэлгүй халагдсан тул эргүүлэн ажилд томилох шийдвэр гаргасан аж.
Энэ хугацаанд АШУҮИС-ийн захирлын албан тушаалд Эрүүл Мэндийн Дэд Сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг БСШУС-ын Сайдын тушаалаар томилсон. Ж.Цолмон анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн бөгөөд гурван шатны шүүхээс Г.Батбаатарыг үндэслэлгүй халагдсан тул ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
АШУҮИС-ийн багш нар болон ҮЭ-ийн хорооноос өнөөдөр "Монгол Улсад хууль тогтоомж байдаг юм бол гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Ямар учраас Ж.Цолмонг ажлаас нь чөлөөлж, Г.Батбаатарыг эргүүлэн томилохгүй байгаа юм бэ?" гэдэг дээр хариулт өгөхийг БСШУС-ын сайдаас шаардав.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээч хэмээн өнгөрсөн тавдугаар сарын 19-нд багш, ажилчид Ерөнхий сайдад хүсэлт явуулсны маргааш Ж.Цолмон захирал хэд хэдэн хүмүүсийг өрөөндөө дуудан "Ямар учраас хүсэлт явуулаад байгаа юм бэ. Ажлаас хална шүү" хэмээн дарамталсан талаар АШУҮИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Ангараг дурдав.
Дээд шатны шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Ж.Цолмон захирал хуулийн дагуу эрх зүйн чадамжгүй болсон гэлээ. Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилогдсоны дараа сургуулийн хэд хэдэн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилсон ба ажил нь нэгэнт цэгцэрсэн, урагштай явж байсан төсөл, бүтээн байгуулалтууд зогсонги байдалд ороод байгаа гэнэ.