СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Чулуунпүрэв: Дурын эмнэлэгтээ үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг бид олгож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн салбарт хувьсгал хийж, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системийг бүтээгээд байгаа “Инсур” ХХК уржигдар буюу 9 сарын 30-нд шинэхэн апп-аа танилцууллаа. Бонус оноогоор эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь авах үйлчилгээг нэвтрүүлэг, “Инсур”-ыг үүсгэн байгуулагчдын нэг Б.Чулуунпүрэвтэй ярилцлаа.

 

Монгол Улсын бүх даатгалын компани анх удаа нэг платформд нэгдлээ

-Та Монголын эрүүл мэндийн даатгалын салбарт “Инсур” үйлчилгээгээрээ хувьсгал хийсэн байна. Тэгэхээр нь энэ ажлыг хийх үүдэл санааг хэзээ бодож олсон бэ гэдгээс ярилцлага эхлэх үү?

-Энэ бол саяхан гарч ирсэн зүйл биш л дээ. Би арван жилийн өмнөөс бүр тодорхой хэлбэл оюутан байхаасаа эхлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хүн ам зүй сэдвээр судалгаа хийж эхэлсэн. Хоёр ч удаа гадаадын сэтгүүлд энэ чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажлаа хэвлүүлж, мөн МУИС-ийн 70 жилийн ойн номонд нийтэлж байлаа. Би 2010 онд их сургуулиа төгсмөгцөө “Монгол даатгал” ХХК-д ажилд орсон. Тэр үед миний энэ ажил бодит биеллээ олох боломжгүй байсан. Хэдийгээр санаа сэдлээ олчихсон боловч технологийн шийдэл нь бэлэн биш байсан. Сүүлийн хэдэн жилд монголчууд технологийн шинэчлэлд хурдацтайгаар шилжсэн учраас “Инсур” бүтээгдэхүүн маань бодит ажил болох боломж бүрдсэн учраас ангийн анд Э.Батхуягтайгаа яг нэг жилийн өмнөөс энэ ажлыг ийм байдлаар хийе хэмээн тогтож төслөө эхэлсэн. Бид хоёрт энэ төслийг эхлүүлэх нэг ижил шалтгаан байсан нь бид хоёр хоёулаа өмнө нь хүндээр өвдөж байсан. Мөн хоёулаа хүнд хэлбэрийн өндөр төлбөртэй мэс засалд орж, Монголын эрүүл мэндийн даатгалын систем бодитоор ажилладаггүй гэдгийг биеэрээ туулсан. Энэ Монголын эрүүл мэндийн өнөөгийн системийг өөрчлөхгүй бол Монголд өвчин эмгэг туссан хүмүүс ердөө эмчилгээний төлбөрөө төлөх чадваргүй гэдэг шалтгаанаар нас барж байгаа мэдэрч, мэдсэн учраас өөрчлөхийн төлөөх тэмцлээ эхлүүлсэн.

-Хэрвээ нууц биш бол чиний эмчилгээний төлбөрт хичнээн төгрөг шаардагдсан бэ. Тэрхүү мөнгөө босгохын тулд ямар сорилт бэрхшээлийг туулсан бэ?

-Би хоёр жилийн өмнө 34 сая төгрөгийн үнэтэй ходоодны хагалгаанд хоёр удаа орох шаардлагатай болсон. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн хагалгааны зардал, эмнэлгийн төлбөр шүү дээ. Эмнэлгээс гарсны дараах эмчилгээ, гам барихад дахиад зөндөө зардлууд гарсан. Би тэрхүү эмчилгээний зардлыг олохын тулд машинаа зарж, цалингийн зээл авч байлаа. Хэрвээ бага цалинтай байсан бол энэ мөнгийг босгож чадахгүй ч байж болох шүү дээ. Мөн миний найз Э.Батхуяг бас л машинаа зарсан, цалингийн зээл авсан, бүр хувь хүнээс өндөр хүүтэй зээл хүртэл авсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад мөнгөгүй бол эмчилгээ хийхгүй хэмээн өвдсөн хүмүүст эмнэлэг төмөр нүүрээ харуулаад явуулж байсан. Эмчилгээний мөнгөгүйн улмаас, цаг тухайд нь хийлгэж чадаагүйн улмаас өвчин нь хүндрээд хэд хоногийн дараа нас барж байгаа нэгнийг ч харж байсан. Энэ бүхнийг нүдээр харж, биеэр туулсан учраас Монголын эрүүл мэндийн өнөөгийн тогтолцоо жирийн иргэнээ хамгаалж чаддаггүй юм байна. Гэхдээ энэ бүхнийг зүхээд суух биш, ямар нэгэн зүйл хийх ёстой гэж тэмцсэний үр дүн өнөөдөр гарч байна. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь бид болон бидний хүүхдүүд байгаа. Тиймээс бид л энэ ажлыг хийхгүй, засахгүй юм бол өөр хэн хийх вэ дээ гэж бодоод л энэ төслөө эхлүүлсэн.

-Монгол Улсын үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болоод байсан эрүүл мэндийн даатгалын системийн асуудлыг ганцхан аппликейшнээр шийдвэрлэсэн нь үнэхээр сонирхолтой санагдсан л даа?

-Бид хоёрын анхны зорилго бол технологийн компани байгуулах биш байсан. Харин эрүүл мэндийн даатгалын системийг иргэнд хүртээмжтэй болгох, гарц шийдлийг олоход л чиглэж байсан. Гэхдээ энэ ажлыг шийдвэрлэх хамгийн энгийн мөртлөө хялбар арга нь технологийн шийдэл юм байна гэдгийг мэдсэн. Бид хоёр энэ ажлыг шийдвэрлэх санааг олохын төдийд л асуудал шийдэгдчихээгүй. Бүтэн жилийн турш бүх даатгалын компани, төрийн болон хувийн эмнэлгүүдтэй уулзсан. Ингээд энэ бүхний эцэст Монгол Улсын бүх даатгалын компани анх удаа “Нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө” нэгдсэн нэг платформд нэгдлээ. Өмнө нь ийм зүйл байгаагүй. Мөн, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудыг нэгдсэн нэг системд багтаах ажил маань биеллээ олж эцэст нь эрүүл мэндийн даатгалын “Инсур” систем ажиллахад бэлэн боллоо.

Даатгал таны санхүүгийн гэнэтийн эрсдэлийг хамгаалдаг

-Монгол Улсын иргэн бүр сар бүрийн орлогынхоо хоёр хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Үүн дээр нэмж тухайн хүнд ажил олгогч нь ч гэсэн хоёр хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг улсад төлдөг. Нэг иргэн хамгийн багадаа 300,000 түүнээс дээш хэмжээний төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлдөг атлаа түүндээ тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг авч чаддаггүй нь нууц биш?

-Таны хэлж байгаа үнэн. Монгол Улсын иргэн жилд дунджаар 500 гаруй мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлж байгаа. Гэхдээ одоо явж байгаа эрүүл мэндийн системийг бүхэлд нь буруутгаж болохгүй. Унагааж бүр болохгүй. Яагаад гэхээр бид энэ чиглэлээр маш олон удаа судалгаа хийсэн. Өнөөдөр манай улсад 250 мянга гаруй тэтгэврийн насныхан байгаа. Манай эрүүл мэндийн улсын даатгал зорилтот бүлэгтээ маш сайн үйлчилдэг. Тэтгэврийн насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхэнд маш сайн хүрдэг мөртлөө жирийн иргэдэд хүрдэггүй. Бүгдээс нь адилхан шимтгэл хураамж авч байгаа хэрнээ зөвхөн нэг талд нь үйлчлээд нөгөө талд нь үйлчлэхгүй байгаа нь доголдолтой байна гэсэн үг шүү дээ. Яагаад хүрэхгүй байгаа вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлагдсан мөнгө нь зөвхөн зорилтот буюу эмзэг давхаргынханд зарцуулагдаад л дуусчихаж байгаа юм.

Тэгэхэд гадаадын улс орнуудын эрүүл мэндийн шимтгэл маш өндөр. Монгол Улсын иргэдийн өнөөгийн санхүү чадамж ямар байгааг бид мэдэх учраас татварыг нэмэх боломж бас байхгүй. Бид Монголын эрүүл мэндийн даатгалын өнөөгийн системийг унагах гэж огт оролдоогүй. Харин ч дэмжье. Хажуугаар нь давхар тогтолцоог хөгжүүлье. Тэгж байж зөв болох юм байна гэж бодож хийсэн. Яагаад эрүүл мэндийн өнөөгийн системийн шүүмжлэхгүй байна вэ гэхээр хүн ам зүйгээрээ таван жилийн дараа гэхэд тэтгэврийн насныхан маань 500 мянга хүрэх судалгаа гарсан. Хэрвээ улсын эрүүл мэндийн даатгалын системийг унагачихвал тэр олон ахмадын эмчилгээ үйлчилгээг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэхээр хувийн даатгалын байгууллагынхантайгаа хамтраад ажиллаж байгаа нь иргэн бүрт тэгш хүрч үйлчилдэг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох л зорилготой.

-Хувийн эрүүл мэндийн даатгалын давуу талуудыг хэлж өгөөч?

-Маш энгийнээр тайлбарлая. Улсын эрүүл мэндийн даатгал улсын эмнэлэгт үйлчилдэг боловч хувийн эмнэлэгт үйлчилдэггүй. Хувийн даатгал яадаг вэ гэхээр хувийн эмнэлгүүд болон улсын эмнэлгүүдэд ч үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг олгодог. Ийм л давуу талтай. Мөн хувийн эрүүл мэндийн даатгал нь иргэнтэй тохиролцсон үйлчилгээгээ яг таг үзүүлдэг. Би таны энэ эрсдэлийг хариуцна л гэсэн бол тэр эрсдэлээ бүрэн хариуцдаг. Монгол Улсад хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ өмнө нь байсан уу гэвэл байсан.

Гэхдээ өнөөдрийнх шиг хүртээмжтэй мөртлөө маш хямд үнэтэй байгаагүй. Яаж хүртээмжтэй мөртлөө хямд болсон бэ гэхээр өмнө нь хувийн даатгалууд маш цөөхөн хэрэглэгчтэй байсан учраас бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийтэд гаргаж чаддаггүй байсан. Харин бидний ашиглаж байгаа эрсдэл тархаах загвар буюу онооны систем дээр суурилж хийсэн систем нь маш олон хүнд энэ үйлчилгээ хүрэх боломжийг олгож байгаа. Тийм ч учраас нэг хэрэглэгчээс авч байгаа хураамжийн хэмжээ буюу төлөх дүнг бууруулж өгч байгаа юм. Даатгалын салбарт ийм л шинэчлэлтийг хийсэн.

-Хувийн эрүүл мэндийн даатгалд нэг сард төлөх хамгийн доод, мөн хамгийн дээд хэмжээ нь хэдэн төгрөг вэ. Мөн төлсөн шимтгэлээсээ шалтгаалж хэдий хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой вэ?

-Даатгуулагч маань сар бүр 10 мянган оноог цуглуулбал жилд 10 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг дуртай эмнэлгээсээ авах боломж бүрдэнэ. Дээшээ 20, 30, 50 мянга гэж байгаа. Хамгийн дээд хэмжээ буюу сарын 50 мянган оноог цуглуулсан хүн жилд 50 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг дуртай эмнэлгээсээ авах боломж бүрдэж байгаа.

-Үүнээс гадна зорилтот бүлгийн хэрэглэгч нар зориулсан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ гэж байгаа юу?

-Мэдээж, байлгүй яах вэ. Олон Улсын даатгалын багцууд гэж байгаа. Энэ даатгалд зорилтот хэрэглэгчид болох спортынхон, тамирчид маань даатгуулах боломжтой.

-Тамирчид Олон Улсын даатгалын багцад хамрагдах боломжтой гэснээс танай даатгалын үйлчилгээ хэдэн сар, магадгүй нэг жилийн өмнө нэвтэрсэн байсансан бол, танай даатгалд О.Дөлгөөн хамрагдсан байсан бол ямар давуу талууд түүнд бий болох байсан бол?

-О.Дөлгөөн маань Олон Улсын даатгалын багцад хамрагдсан байсан гэж бодох юм бол Монголын ард иргэдээс хандивын арга хэмжээ босгох шаардлага гарахгүй байх байсан. Олон Улсын даатгалын бүтээгдэхүүнээ аваад дэлхийн аль ч улсаас дурын эмчилгээгээ авах боломж бүрдэх байсан. Гэхдээ даатгал гэдэг нь таны санхүүгийн гэнэтийн эрсдэлийг хамгаалж байгаа болохоос биш таны эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгох ёстой.

-Олон Улсын даатгалын үнэ тариф ямар байдаг вэ?

-Олон Улсын даатгал нь сарын 150 мянга орчим төгрөгөөс эхлээд түүнээс дээш байгаа. Гэхдээ дундаж иргэнд ийм өндөр даатгалын ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

Өөрийн онцлогт тохирсон үйлчилгээгээ сонгох эрх нь хэрэглэгчдэд бүрэн бий

-Та бүхний сая танилцуулсан албан ёсны тоон мэдээлэлд Монгол Улсад амьсгалын замын тогтолцооны өвчнөөр жилд 540,946 хүн өвддөг гэсэн байна. Даатгалд хүүхдээ даатгуулсан эцэг эхчүүдэд ямар давуу талууд бий болох вэ?

-Ханиад хүрэх тоолондоо шууд очоод үнэгүй эмчлүүлдэг даатгалын үйлчилгээ нь үнэтэй багцуудад байгаа. Харин сарын 10, 20 мянган онооны багцуудад ямар боломж байгаа вэ гэхээр ханиад хүрсэн хүүхдийн эм авах мөнгөн дээр бус ханиад нь хүндрээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд улсын ч бай, хувийн ч бай бүх эмнэлэгт тухайн даатгуулагч хүүхэд үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэх боломж бий болно. Хувийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөнөөр ямар зүйл болдог вэ гэхээр Улсын эмнэлэг дээр бий болгоод байгаа асар их оочер дугаарлалт маань хувийн эмнэлэг рүүгээ тархдаг. Ингэснээр улсын, хувийн бүх эмнэлгийн үйлчилгээ, чанар сайжирдаг. Хэт ачаалал байхгүй болдог. Хүнээр жишиж хэлбэл, бид хоёр гарынхаа нэгийг нь ашиглаад нөгөөг нь ашиглахгүй байна гэсэн үг. Бидний нэвтрүүлж буй хувийн даатгал хөгжсөнөөр эрүүл мэндийн салбар хоёр гараа зэрэг ашиглах боломж бүрдэж байгаа.

-Монгол Улсад хувийн эмнэлгүүд эрчимтэй хөгжиж байгаа. Тэр дундаас үйлчилгээ чанараараа торойгоод гарч ирсэн зарим эмнэлгүүдийн төлбөр нь маш өндөр байдаг. Тэдгээр эмнэлгүүдэд та бүхний нэвтрүүлсэн хувийн даатгалын үйлчилгээ үйлчлэх үү?

-Үйлчилнэ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлэгт энэ даатгал үйлчилнэ. Та өөрийн сонгосон аль ч эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байгаа. Ер нь бол эмнэлгийн үйлчилгээнд даатгалын хоёр төрөл байдаг. Тэр нь юу вэ гэхээр шууд төлбөрийн нөхцөлтэй, шууд бус төлбөрийн нөхцөлтэй үйлчилгээ. Шууд төлбөрийн нөхцөл гэдгийг эхлээд ярья.

Та “Мандал” даатгалд даатгуулсан байлаа гэж бодъё. Ингээд та дурын нэг эмнэлэг дээрээ очоод хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Энэ тохиолдолд эмнэлгээс ирүүлсэн хүсэлт нэхэмжлэлийн дагуу даатгалын байгууллагаас эмнэлэгтэй холбогдоод 1.8 сая төгрөгийг нь манай даатгалаас төлье. Харин үлдэгдэл 200 мянган төгрөгийг нь үйлчлүүлэгч өөрөө төлөөрэй гэж эмнэлэг даатгал хоёр тохиролцож үзүүлдэг үйлчилгээг шууд төлбөрийн нөхцөлтэй даатгалын үйлчилгээ гэдэг. Энэ үйлчилгээнд Монгол Улсад толгой цохидог 20 гаруй эмнэлэг нэгдчихсэн байна. Харин шууд бус төлбөрийн нөхцөлтэй даатгалын үйлчилгээ нь яах вэ гэхээр иргэн та өөрийн сонгосон хувийн эмнэлгээр өөрөө бүх мөнгийг нь төлж үйлчлүүлээд тухайн эмнэлгээсээ авсан баримтаа даатгалын компанидаа өгөөд төлсөн бүх мөнгөө 100 хувь эргүүлэн авдаг үйлчилгээг хэлдэг. Ийм хоёр төлбөрийн нөхцөл байгаа.

-Даатгалын компани, үйлчлүүлэгч хоёрын хооронд төлбөрийн маргаан гарах тохиолдол ер нь байдаг уу?

- Манай Улсын иргэдийн даатгалын талаарх ойлголт хомс. Тухайлбал иргэн Болд-Эрдэнэ өвдөөд даатгалын үйлчилгээгээ авахаар даатгуулагч компанидаа хандсан хамгийн эхний тохиолдол дээр жижиг маргаан гарах тохиолдол гарч болзошгүй. Тэгээд эхний үйлчилгээгээ үзүүлээд та хоёр нэг нэгнийгээ таньснаас хойших дараа дараагийн тохиолдлуудад ямар ч маргаан гардаггүй. Гадаадын улс орны иргэд хүүхдээ багаас нь л даатгуулчихдаг учраас даатгалын тогтолцоонд нь ямар ч маргаан асуудал гардаггүй.

-Хүүхдээ сарын 10 мянган төгрөгийн даатгалд даатгуулсан иргэний хүүхэд өвдсөн тохиолдолд тухайн жилдээ 10 сая төгрөгийн үйлчилгээг авах боломжтой гэж та хэлсэн. Гэвч хүүхэд нэг өвлийн туршид нэг биш нэлээн хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь ч байдаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Арван сая төгрөг гэдэг нь таны сонгосон багцын үйлчилгээг авах төлбөрийн дээд хэмжээ байгаа. Энэ үнийн дүнг дуусах хүртэл таны хүүхэд хэдэн ч удаа үйлчилгээ авч болно. Гэхдээ мэдээж хэрэг үйлчилгээний лимит гэж бас байлгүй яах вэ. Амбулаториор үйлчлүүлэх дээд хязгаар, хэвтэн эмчлүүлэх төлбөрийн дээд хязгаар, гэрээр эмчлүүлэх төлбөрийн хэмжээ нь хэдэн сая байх вэ гэдэг нь даатгалын бүтээгдэхүүн бүрээс шалтгаалан янз бүр байгаа. Та бүтээгдэхүүний онцлогийг харж байгаад “Надад эмнэлэгт хэвтэх цаг хугацаа бага байгаа” гэвэл амбулториор үзүүлэх багц өндөртэйг сонгох, би эрүүл биетэй учраас хүндээр өвдөх нь гайгүй гэж үзвэл хэвтэн эмчлүүлэх төлбөр багатайг сонгох гэх мэт өөрийн онцлогт тохирсон үйлчилгээгээ харж байгаад сонгох эрх нь хэрэглэгчдэд бүрэн байгаа.

 

Дэлхий нийтэд хэвшчихсэн зүйлийг бид Монголд нутагшуулахаар хичээж байна

-“Инсур” аппликэйшнийг ашиглан даатгалд хамрагдахын тулд төлбөрийн ямар арга хэрэгсэл хөнгөлөлтийг ашиглах боломжтой вэ?

-Хүмүүсийн хамгийн их хэрэглээнд байгаа оноонуудыг даатгалын төлбөр болгох боломжийг бид олгосон. Тухайлбал, Unitel, MCS, Номин, Mагнай трейд, Тесо зэрэг үндэсний тэргүүлэх 17 компанийн нэгдсэн лояалти хөтөлбөр болох “UPOINT” нь “Инсур”-ын үндсэн лояалти хөтөлбөр болж явж байгаа. Мөн Мобиком корпорацийн Candy цахим мөнгө, Петровисийн REDPOINT хөтөлбөр зэрэг цахим мөнгө оноонуудыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжийг олгосон. Мөн LEND.mn бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах бүх боломжийг бид нээсэн.

-Монгол Улсын хүн бүр хувийн эрүүл мэндийн даатгалын төлбөрөө сар бүр тогтсон хугацаанд хийгээд байж чадахгүй. Гэнэтийн ажлын улмаас, гадаад байгаагийн улмаас төлбөрөө хоцроох ч юм уу ямар нэгэн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр жилийн төлбөрөө бөөнөөр нь төлөх боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Жилээр нь урьдчилан төлөх, багцаа нэмэгдүүлэх эсхүл бууруулах бүх боломж нь нээлттэй. Төлбөрөө заагдсан хугацаанд хийгээгүй тохиолдолд хүлээлгийн хугацаа нь 7-14 хоног хүртэл хүлээх ч зохицуулалт бий. Мэдээж энэ хугацаанд даатгалын компаниас үйлчлүүлэгчтэйгээ холбогдоод сануулж хэлэх зэрэг олон арга хэмжээг авах нь тодорхой.

-Би LEND.MN үйлчилгээг ашигладаг. Тэгэхээр өөрийнхөө бүртгэлээс гэр бүлийнхээ бүх хүмүүсийг даатгуулж болох уу?

-Болно. Бүгдийнх нь төлбөрийг тэрхүү бүртгэлээсээ төлөөд явах боломж нээлттэй. Та хүүхдээ сарын 10 мянга, жилийн 120 мянган төгрөгийн даатгалд таван жилийн турш даатгуулахад нийт төлбөр нь 600 мянган төгрөг л болно. Тэгэхэд хүүхэд санамсар болгоомжгүйн улмаас нэг удаа гэмтэж бэртэхэд 600 мянгаас ч өндөр дүнтэй эмчилгээний зардал гарах тохиолдол бишгүй таардаг. Хүүхдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах, тэр бүү хэл бусдын даатгалыг өмнөөс нь төлдөг, бэлэглэдэг үйлчилгээг нэвтрүүлэхээр бид ажиллаж байгаа. Бидний туйлын зорилго бол Монгол Улсын иргэн бүр даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгох. Бид UNIVISION-ээ төлж чадахгүй байдаггүйтэй адилхан даатгалаа төлөхгүй байх ёсгүй гэдэг дадал зуршлыг бий болгох ёстой. Бид тогныхоо төлбөрийг төлж чадаагүй хэмээн тогоо таслуулдаггүйтэй адилхан даатгалаа бас төлж сурах ёстой. Яагаад бид эмнэлэгт өндөр төлбөр төлөх ёстой юм. Бид эмнэлэгт төлбөр төлөх ёстой гээд л ойлгоод байгаа болохоос биш даатгалаараа мөнгө төлөхгүйгээр эмчлүүлэх боломжтой гэдгээ мэддэггүй. Эмнэлэгт өндөр төлбөр төлөхгүйгээр эмчлүүлдэг арга зам дэлхий дээр зөндөө байна. Бид цоо шинэ зүйлийг анх гаргаж ирээгүй. Харин дэлхий нийтэд хэвшчихсэн зүйлийг Монголд нутагшуулахаар хичээж байгаа.

-Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг олгодог. Тэрхүү мөнгийг энэхүү даатгалын үйлчилгээтэйгээ холбож, даатгалын шимтгэлээ автоматаар татдаг болгож болох уу?

-Болно. Бид яг энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Та хүүхдийнхээ картыг “Инсур” апптай холбоод л энэ үйлчилгээг авах боломжтой. Бид энэ мэтчилэн он гартал, цагаан сар болтол маш олон үйлчилгээг ар араас нь нэвтрүүлэхээр ажиллана.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.