Дэлхийн банк амьжиргааны түвшин тогтоох шугамаа шинэчлэн өдөрт 1.9 ам.доллароос бага мөнгөөр амьдарч буй хүмүүсийг туйлын ядуу гэж тодорхойлох болсон билээ. Өмнө нь өдөрт 1.25 ам.доллароос багагүйг хоногийн хэрэгцээндээ зарцуулж байгаа хүмүүсийг туйлын ядуу гэж тодорхойлж байсан юм.
Дэлхийн хэмжээнд 1990-ээд оны үед 1.9 тэрбум орчим хүн туйлын ядуу амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо 760 сая болж буурчээ. Өдөрт 1.9 ам.доллароор амьдарна гэдэг боломжгүй мэт санагдаж магадгүй ч бодит байдал дээр дэлхийн хүн амын 10.7 хувь буюу 760 сая хүн ийм хэмжээний мөнгөөр голоо зогоож байгаа аж.
Мөн тус банк дунд болон өндөр орлоготой орнуудын хүн амын ядуурлын түвшинг тогтоох шинэ стандарт бий болгожээ. Хүн ам нь өдөрт дунджаар 3.2 ам.долларыг хэрэгцээндээ зарцуулж буй Монгол, Аргентин, Камбож, Замби, Тонга, Тунис зэрэг орныг дундаас доогуур орлоготой, 5.5 ам.доллар зарцуулж буй Албани, Бразил, Ирак, Малайз, Туркийг дундаас дээгүүр орлоготой улс гэж тодорхойлов.
Харин 21.7 ам.доллароос багагүйг хоногийн хэрэгцээндээ зарцуулж буй АНУ, Австрали, Канад, Кипр, Грек, Испани, Швед, Уругвай Улсыг өндөр орлоготой улс гэж тодорхойлсон байна. Дэлхийн хүн ам 5.3 тэрбум байхад 35 хувь нь туйлын ядуусын эгнээнд орж байжээ. НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилтууд” багц зорилтын хүрээнд 2030 он гэхэд туйлын ядууралд цэг тавихыг зорьж байгаа билээ. Дэлхийн банк, НҮБын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ, Гейтсийн сан зэрэг байгууллага өнгөрсөн 10 жилийн хугацаанд ядууралтай тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.