БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр Хонконгт аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж цэрэг, цагдаагийн алба хаагчдыг гудамж талбайд хамгаалалтад гаргасан. Гэвч жагсагчид хориг саадыг үл тоон олон мянгаараа жагсаж цагдаа нартай мөргөлджээ.
Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр офицер жагсагчийн цээжин тус газар буудаж шархдуулсан байна. Хонконгийн жагсагчдыг 17 долоо хоногийн турш жагсаал хийхэд цагдаа нар резинэн сумтай буу ашиглаж байсан ч энэ удаад жинхэнэ сумаар буудаж амь насанд халтай үйлдэл гаргажээ.
Хонконгийн жагсагчид зургаан дүүрэгт цуглаж зарим замуудыг хаасан байна. Мөргөлдөөний үеэр багадаа 66 хүн гэмтэж бэртжээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсагчид галт бөмбөг шидсэн байна. Гэмтэж шархадсан хүмүүсийн хоёр нь хүндээр шархадсан гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.
Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар 180 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна.
Цээжиндээ буудуулсан 18 настай эрэгтэйг яаралтай хагалгаанд оруулсан ба одоогоор биеийн байдал нь ямар байгааг тодорхой мэдээлээгүй. Залуу эрэгтэй зүүн мөрөндөө буудуулсан байна. Цагдаа нар луу халдаж дайрсан учраас хариу гал нээсэн хэмээн цагдаагийн газраас тайлбарлажээ.
Бээжингийн эрх баригчид Хонконгийн жагсаалыг намжаахын тулд метроны 15 буудал, олон тооны дэлгүүр худалдааны төвийг хааж, 6,000 офицерыг тараан байрлуулсан ч жагсагчид олон улсын анхаарлыг татахын тулд хоригийг үл хайхарлаа.
Эх сурвалж: www.bbc.com