Өнгөрсөн жилийн өдийд манай улсын эрчим хүчний салбар доголдож, эрчим хүчний хангамж ямар түвшинд байгааг харуулсан билээ. Тэгвэл манай улсын эрчим хүчний салбарын аваарын горим, эрчим хүчний хүртээмж, хангамжийн талаар ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх Техник, шинжлэх ухааны төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, эхний шатны судалгаагаа хийснээ өнөөдөр холбогдох албаны хүмүүст танилцууллаа.
Манай улсын эрчим хүчний үндсэн техник, тоноглол оросынх учраас хүнээр яривал биеийн байдлыг бүрэн оношлох мэргэжилтнүүд ирж хамтран ажиллаж байгаад баяртай байна хэмээн Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга семинарыг нээх үеэрээ дурдав.
ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх Техник, шинжлэх ухааны төвийн хийж хэрэгжүүлж байгаа ажилд “Диспетчерийн үндэсний төв” хамтран ажиллаж байгаа бөгөөд гурван шатлалтай судалгаа шинжилгээний ажлын үр дүнд хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм байна.
ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх Техник, шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд эхний ээлжид Дөрөвдүгээр цахилгаан станцын генераторийн өдөөлтийн системд дүгнэлт хийжээ. Урьдчилсан дүгнэлт гарч генераторуудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, стандартыг хэрхэн хангаж ажиллах, бодит нөхцөл байдалд хэрхэн ажиллах туршилтын ажлуудыг зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүстэй ярьж тохиролцсон байна.
ОХУ-ын Эрчим хүчний нэгдсэн системийн дэргэдэх Техник, шинжлэх ухааны төв, Диспетчерийн үндэсний төвүүд хамтран энэ ондоо судалгааны ажлыг дуусган цаашид Монголын эрчим хүчний салбарт шаардлагатай стандарт нормын талаар үнэлэлт дүгнэлт гарган хүний нөөцийн асуудал дээр хамтран ажиллах гэнэ.