Сомали улс дахь АНУ-ын бааз, Италийн цэргийн цуваа руу зэвсэгт бүлэглэл удаа дараа халджээ. Нийслэл Могадишу хотод Италийн далбаатай автомашины цуваа руу халдсанаас гадна Баледогль дахь Америкийн бааз руу зэвсэгт этгээдүүд гал нээж, автомашинтай бөмбөг дэлбэлсэн байна.
Зүүн Африкийн Сомали дахь Америкийн цэргийн бааз Могадишугаас хойшоо 100 км-т байрладаг байна. Энд Сомалийн зэвсэгт хүчнийг сургадаг ажээ. Одоогоор цэрэг дайчид, энгийн иргэд амиа алдсан тохиолдол гараагүй.
Аль Шабааб зэвсэгт бүлэг халдлагыг зохион байгуулсан болохоо Сомали Мемо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тус зэвсэгт бүлэг хэд хэдэн байрлалд тогтоосон хяналтаа алдсаны дараа халдлага үйлдэх болжээ. Африкийн Холбоо болон АНУ-ын цэргүүд хамтран Аль Шабаабын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com