Шри Ланкад долоон заан хордож үхсний дараа эрх баригчид хэргийг мөрдөн шалгахаар болжээ. Заанууд сэжиг бүхий хоронд хордож өнгөрсөн долоо хоногт ар араасаа үхсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт дөрвөн зааны цогцос олсон бол бямба гарагт Хабарана байгалийн цогцолборт газраас гурван заан үхсэн байдалтай олжээ. Үхсэн заанууд бүгд эмэгчин ба ижил талбайгаас өвс тэжээл идсэн гэж үзжээ. Тэдгээр эмэгчин зануудын нэг нь хээлтэй байсан гэв.
Эндэхийн ойн аюулгүй байдлыг хамгаалах албаныхан эрж хайх ажлаа үргэлжлүүлж заанууд үхсэн болон өвдсөн шинж тэмдгийг судалж байна. Үхлийн шалтгааныг эцсийн байдлаар тогтоогүй ч заануудад дургүй тосгоны оршин суугчид хордуулсан байж болзошгүй хэмээн таамаглажээ. Учир нь заанууд тариалангийн талбайг сүйтгэж байна хэмээн тосгоныхон ихэд бухимддаг байна.
Шри Ланкад зэрлэг зааныг хороох, агнах хууль бус үйлдэлд тооцдог. Үүний зэрэгцээ заануудыг олон зуугаар нь барьж аялагч жуулчдын уналга ачилга, баяр ёслолд ашигладаг байна. 2011 оны тооллогоор тус улсад 5,879 заан бүртгэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com