Сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд гэгч нь “хууль бусаар байгуулагдсан Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо манай холбоог булаачихлаа, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Олон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-нд элссэн” гэх зэргээр илт худал ташаа, гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан доорх мэдэгдлийг гаргаж байна.
Морин дэл дээр дэлхийг туулж явсан морьтон монголчууд уламжлалт морин спортоос гадна олимпийн төрөл, сонгомол морин спортын төрлөөр өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхлэн багагүй амжилт гаргаж ирсэн түүхтэй. Гэвч 2006 оны Дохагийн азийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчин илгээснээс хойш монголын баг тамирчид гадаадын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцоогүй, ОУМСХ-д бүртгэлтэй байсан “Монголын морин спортын уралдааны холбоо” (ММСУХ) ТББ нь гишүүнчлэлийн татвар хураамжаа төлөөгүй, арга хэмжээ, тэмцээн уралдаанд оролцдоггүйгээс гишүүнчлэлээс хасагдсан, тус холбооны үйл ажиллагаа бүрэн зогсож, тайлан, татвараа төлөлгүй удсанаас МҮОХ-оос хасагдсан зэрэг шалтгаанаас манай улсын сонгомол буюу олимпийн морин спортын хөгжил үндсэндээ зогссон юм.
Иймд олимпийн морин спортыг дахин сэргээх, морины соёлыг дэлгэрүүлэх, монгол морьтнуудыг дэлхийн дэвжээнд дахин гаргах зорилго бүхий хэсэг залуус нэгдэн ажиллах болсон. Гэвч олимпийн морин спорт нь нэгд, монголд мартагдсан шахуу, хоёрт, шинээр сэргээн таниулахад олон нийтийн дэмжлэг хэрэгтэй, гуравт, тус спорт нь хөрөнгө санхүү ихээхэн шаарддаг спорт тул бидний зүгээс моринд элэгтэй, сонгомол морин спорттой холбоотой олны танил, улс төр бизнесийн болон спортын зүтгэлтнүүдтэй нэг бүрчлэн уулзаж, хамтран ажиллах санал тавьсан. Тэдний тунд З.Ариунболд ч багтсан бөгөөд бидэнтэй хамтран ажиллахаас эрс татгалзсан.
Ингээд морин спортын анхны мастер МУ-ын манлай уяач, сонгомол морин спортын анхны мэргэжлийн дасгалжуулагч Т.Даваадорж, Ж.Дашдорж, Д.Даш болон Улсын их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Саад хариалт, уран уургач бугуйлч, эмнэг булгиулалтын холбоо, БХТН-ийн аймаг орон нутгийн салбарууд болон олимпийн морин спортыг хөгжүүлэх сонирхолтой залуус нэгдэн “Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо”-г байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон.
Энэ цагаас эхлэн З.Ариунболд нь МҮМУХ-ны дасгалжуулагчийг манай холбооны мэргэжлийн шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдон ажиллаж байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн МҮОХ-д хүргүүлэх, ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Даваа нас барж, холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон үед удирдах зөвлөлийн гишүүн З.Ариунболд ММСУХ-ны ерөнхийлөгч болсон мэтээр өөрийгөө Азийн болон ОУМСХ-нд хууль бусаар мэдэгдэх зэргээр зүй бус үйлдэл гаргаж байсан ч бид түүнд учрыг тайлбарлан хүлээцтэй хандаж ирсэн.
Энэ үед Монголын морин спортын саад харайлтын дасгалжуулагчаар Т.Даваадорж, О.Жаргалзориг, Ц.Баярлхагва, Монгол улсын гавяат тамирчин Ц.Цэрмаа нарын бүрэлдэхүүнтэй шилдэг дасгалжуулагч нар ажиллаж байсан болно.
Манай холбоо олимпийн төрөл болох сонгомол морин спортыг өөрийн оронд хөгжүүлэхээс гадна Монголын ард түмний дунд уламжлагдан ирсэн морины соёлыг дэлгэрүүлэн сурталчлах, адууг уургалах, бугуйлдах, эмнэг сургах үндэсний спортыг хөгжүүлж, хүүхэд залуучуудын сонирхлыг идэвхжүүлэн энэ спортоор хичээллүүлэх, тэдний бие бялдарыг чийрэгжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг хийгээд байна.
Энэ ажлынхаа хүрээнд өнгөрсөн 8 дугаар сард 21 аймаг, нийслэлийн 26 баг, 80 гаруй тамирчин оролцсон морин спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, олимпийн морин спортын үзүүлэх тоглолтыг амжилттай зохион байгуулж, гадаад дотоодын зочид төлөөлөгчид иргэдэд спортоо сурталчилсан болно.
Мөн монголын морин спортыг дэлхийн гэр бүлд багтаах чиглэлээр бүтэн жил гаруйн хугацаанд ОУМСХ-той холбогдон тэдний тавьсан нөхцөл шаардлагыг ханган ажилласаны үр дүнд тус холбооны ази номхон далайн 8 дугаар бүсийн дарга Жек Хуанг манай холбооны үйл ажиллагаатай танилцаж, сэтгэл өндөр буцсан. Жек Хуанг болон ОУМСХ-ны удирдлагууд Монголын Сонгомол болон Уламжлалт морин спортын холбооны үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлтэй байгаа бөгөөд бид ямар нэгэн холбооны нэр зүүж, хууль бус үйлдэл гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
МСМСХолбоо нь морин спортыг хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулж байгаа ямар нэгэн холбоо, нийгэмлэг, хувь хүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Харин Монгол хүн морьтойгоо олимпийн оролцох зорилгыг биелүүлэхэд саад тотгор учруулсан, хариуцлагагүй үйл ажиллага явуулж байгаа Монголын морин спортын нийгэмлэгийн тэргүүн З.Ариунболд нарын сөрөг үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.
З.Ариунболд Таны эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бид хүндэтгэн хүлээн авна. Гэвч өөрийн хийж чадаагүй зүйлсэд бусдаас буруу хайх, бусдыг гүтгэн доромжлох нь ёс зүйн хувьд ч, хуулийн хүрээнд ч зохимжгүй үйлдэл болохыг анхааруулж байна.
Цаашид З.Ариунболд Таныг Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд олимпийн морин спортыг хөгжүүлэх бидний үйлсэд тус нэмэр болохгүй бол саад тотгор учруулахгүй байхыг хүсье. Мөн манай холбооны үйл ажиллагааны талаар гүтгэлэгийн чанартай мэдээлэл тараахаа зогсоохгүй бол холбогдох хуулийн байгууллагад хандан нэр төрөө сэргээлгэх болохоо мэдэгдье.
МОНГОЛЫН СОНГОМОЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ МОРИН СПОРТЫН ХОЛБОО