Шинэ Зеландын Оклэнд хот дахь Asics спорт хувцасны дэлгүүрийн гадаах дэлгэцээр есөн цагийн турш насанд хүрэгчдэд зориулсан кино гарчээ. Компанийн удирдлага үйлчлүүлэгчдээс албан ёсоор уучлалт гуйж хакердуулсан гэдгээ мэдэгдсэн байна.
Японы Asics компанийн Оклэнд дахь салбар дэлгүүрийн ажилтнууд ням гарагийн өглөө 10 цагт дэлгүүрээ нээхээр ирэх хүртэл гадаах дэлгэцээр нь +18 бичлэг гарчээ. Компанийн Facebook хуудсанд “хакерчдын тавьсан зохисгүй дүрсийг харсан хүн бүхнээс хүлцэл өчиж байна” хэмээн байршуулсан байна.
Дахин ийм зүйл гаргахгүйн тулд программ хангамжаа сайжруулах, цахим аюулгүй байдлаа хамгаалахаар ажиллаж байна гэжээ. Дэлгүүрийн дэргэдүүр өнгөрсөн иргэд дүрс бичлэгийг хараад цочиж байсан бол зарим нь урд нь зогсоод тухтай гэгч үзэж байсан тухай орон нутгийн хэвлэл нийтэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com