УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, хуулийн байгууллагатай хамтарн өнөөдрийн хурлыг зохион байгуулж, тамхи, хар тамхитай холбогдсон дипломатчдын тухай мэдээллийг дэлгэлээ. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэхдээ:
-Польшийн хууль, хяналтын байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа 60 дипломатчдаас /2005 оноос хойш/ одоо болтол албандаа ажиллаж байгаа хүмүүс байна. Зарим нь ордонд хавтас сугавчлаад явж байгаа. Ингэж явж байгаад нэг өдөр Элчин сайдаар томилогдоод явчихдаг. Үүнд, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран хяналт тавих хэрэгтэй байна.
Монгол улсын Гадаад харилцааны яаманд гадаад харилцаа алдагджээ. Цус ойртолт явагджээ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ах, дүү, хамаатан садан нь ажиллаж байна. Дандаа мэдлэг, боловсролгүй, чадваргүй хүмүүс томилогдож байна. Томилогдсон хүмүүсийн томилолтын тушаалыг нэгбүрчлэн харахгүй бол дээрх асуудал тасрахгүй нь ээ. Удахгүй энэ асуудлыг УИХ-д оруулж шийдүүлнэ.
Монгол улсын Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар өөрсдийн туслахуудаа Канад, Англи, Италид томилсон нь ашиг сонирхлын зөрчил мөн /Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу/. Үүнийг өөрчил гэж эдгээр хүмүүст хэлсэн. Тэдгээр хүмүүс боловсрол, ажилласан жилээ хангаж байгаа, яагаад болохгүй гэж? ярьж байна лээ. Гэтэл цаана нь шаардлагаа хангасан олон хүн томилогдож чадахгүй байна шүү дээ. Цаашид Элчин сайдуудын томилгоон дээр анхаарна.