БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяраас урьтаж нийслэл Бээжин хотод олон тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон аварга том далайн од хэлбэртэй шинэ нисэх буудал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нээлтээ хийсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын түүхийг өгүүлэх хотын нөгөө талд байрлах анхны нисэх буудал үүд хаалгаа барьжээ.
Наньюань нисэх буудал тус улсын хамгийн анхны нисэх буудал бөгөөд Хятадын Юнайтед Эйрлайнсийн KN5830 дугаарын нислэгийг есдүгээр сарын 25-ны өдөр үйлдсэнээр сүүлчийн онгоцоо хүндэтгэлтэйгээр үдэн гаргасан юм. Өнгөрсөн бямба гараг гэхэд нисэх буудлын бүх хаалгуудыг хааж, автомашины зогсоолын ихэнх нь эзгүйрч хоосорчээ.
Нисэх буудлын тоосонд дарагдсан цонхон дээр “Сайн байна уу. Нисэх буудлын үйл ажиллагаа Дасин олон улсын нисэх буудал руу албан ёсоор нүүснийг мэдэгдэж байна. Наньюань нисэх буудалд итгэл хүлээлгэсэн та бүгдэд дахин баярлалаа” гэсэн бичиг наасан байна.
Тус нисэх буудал 1910 онд ашиглалтад оржээ. Тэр үед Хятадад Чин гүрний үе тасраагүй байв. Нисэх буудал байгуулагдсанаасаа хойш Хятадын иргэний дайн, БНХАУ-ыг байгуулах хувьсгал гэсэн хоёр том түүхэн дайны гэрч болсон юм. Эрх баригчид хуучин нисэх буудлыг нисэх хүчний түүхийг өгүүлэх музей болгон ашиглахаар шийдвэрлэжээ.
Бээжин хот технологийн хөгжил дэвшлийг харуулсан шинэ нисэх буудалтай болсон ч зарим иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Наньюаньд ирж зургийг нь авч хүндэтгэл үзүүлсэн байна. Орчин цагийн Хятадын түүхийн салшгүй нэг хэсэг болсон нисэх буудалд 1971 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжер, Ерөнхийлөгч Ричард Никсоны түүхэн айлчлалууд, Хятадын Коммунист намын нисэх хүчний анхны эскадрон ирсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com