УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаарх бүлгийн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хурал сая дууслаа. Ээлжит чуулганыг өнөөдөр хаая. Маргааш намрын чуулганыг нээе гэдэг асуудлыг ярилцлаа. Ерөнхийлөгчийн хоригийн талаар ярилцсан. АН-ын зүгээс хориг дээр зөвшилцье гэсэн, манайх хүлээн аваад ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн зарим саналуудыг сонсоод, АН-тай үргэлжлүүлэн зөвшилцье, хоёрт, Ерөнхийлөгч, ЕТГ-тай уулзъя гэсэн. Хоригийн хугацаа энэ баасан гарагт дуусна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэлээ ч МАН-ын бүлэг дангаар ҮХНӨ-ийг хийхгүй. АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
АН-аас гурван асуудал тавьсан. Нэгд, ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн үү? Хоёрт, АНСА явуулах тухай, гуравт, Хоригтой холбоотой асуудал.
МАН-ын бүлэг дээр ээлжит бус сонгууль явуулахаар гарын үсэг цуглуулж байгаа гэх асуудлыг ярилцсан. Албан ёсоор энэ талаар тавиагүй. Парламентийг бэхжүүлэхэд энэ парламент үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж ярилцсан.